”Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж байна

Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” компанийн Хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр" ажилчдаа хохироож байна гэсэн юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн тухайгаа ч хэлсэн.
Түүний хэлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт “Оюутолгой” таван хувь, Эрдэнэт үйлдвэр 16 хувь, алтны уурхайнууд таван хувиар тогтмол төлдөг аж. Тэнцүү татварын тогтолцоог бий болгох, 2012 оноос хойш Оросын талд төлөөгүй байгаа ногдол ашгийг хэзээ төлөх талаар тодруулга мэдээлэл авахыг шаарджээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан гэнэ.
Үүний учир нь “Эрдэнэт үйлдвэр” жил бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсээр байхад монгол, орос ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж харилцан адилгүй байгаа нь хууль бус гэдгийг тэрбээр онцолсон. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг орос ажилчид монгол ажилчдаас хоёр дахин өндөр цалин авдаг. Тус үйлдвэр 5500 монгол, 500 орос ажилчинтай. Монгол ажилчин сард дунджаар 1.6 сая төгрөг авдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйлдэл гэж ярилаа.
Мөн П.Баттөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардахад үйлдэрийн удирдлагууд түүнийг үйлдвэрийн нэр хүндэд халдсан гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ