Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч рүү халджээ
2016-01-13

Америкийн “KTLA” сувгийн хөтлөгч Мэри Бет МкДаде шууд нэвтрүүлгийн үеэр халдлагад өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сувгийн сурвалжлах баг Лос Анжелес хотноо байрлах алдартны гудамжинд очиж, саяхан таалал төгссөн рок дуучин Дэвид Боуигийн талаар мэдээлэл бэлдэж явжээ. 

 

Хөтлөгч дуучны одны орчимд ярьж байхад нэг этгээд түүн рүү гэнэт дайрч, микрофоныг нь булаахыг оролдсон байна. Гэмт этгээд хөтлөгч рүү халдах үед нэвтрүүлэг эфирээр шууд цацагдаж байсан аж. Хөтлөгч маш чангаар хашгирч буй нь бичигджээ. Хөтлөгч рүү халдсан этгээдийг цагдаагийнхан оддын гудамжнаас холгүй байхад нь баривчилсан байна.

 

Лос Анжелесийн цагдаагийн газраас мэдээлснээр “Хөтлөгч гэнэтийн дайралтын үеэр хөлөө хүнд гэмтээсэн. Тэрбээр гомдолгүй гэсэн учир гэмт этгээдийг сулласан. Баригдсан этгээд 2010 онд хулгайн хэргээр баригдаж байсан” гэжээ.

 

Өнгөрсөн оны наймдугаар сард “WDBJ7” сувгийн хөтлөгч Алисон Паркер болон зураглаач Адам Вард нар шууд нэвтрүүлгийн үеэр халдлагад өртөж, амиа алдацгаасан билээ. Сэтгүүлчид рүү халдсан этгээд өмнө нь тус сувгийн хөтлөгч байсан юм. Тэрээр сэтгүүлчид рүү гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин