Пакистанд халдлага гарч, 14 хүн амиа алджээ
2016-01-13

 

Пакистаны Белужистан мужийн Кветта хотноо байрлах “Саа өвчнийг эмчлэх” төвийн гадна террористууд халдлага үйлдсэн тухай “CNN” агентлаг уламжлав. Халдлагын улмаас 14 хүн амиа алдсан байна.

 

Тус хотын цагдаагийн газар “Амиа алдагсдын 12 нь цагдаагийн албан хаагчид. Тэд саа өвчний эсрэг вакцинжуулалт хийж буй эрүүл мэндийн төвийг хамгаалж байсан” гэж мэдэгжээ.

 

Халдлага болсон байрны гадна олон хүүхдүүд вакцин хийлгэхээр зогсч байсан гэнэ.  Уг халдлагыг захиалсан бүлэглэл одоогоор тодорхойгүй байгаа ч талибанчуудыг холбоотой хэмээн эрх баригчид таамаглаж байна.

 

Тус бүлэглэл болон шашны туйлшрагчид барууны эм, тариаг хүүхдүүдэд тарихгүй байхыг сануулж, халдлага үйлдэхээ сануулсан аж. НҮБ, ДЭМБ хамтран өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн 0-5 насны хүүхдэд саа өвчний эсрэг вакцин хийж эхэлжээ. Жил бүр саа өвчний эсрэг вакцинжуулалтын аяны үеэр талибанчууд болон шашны туйлширагчид халдлага үйлддэг юм.  Зөвхөн вакцинжуулалтын аяны үеэр 64 эмч, 80 гаруй цагдаагийн албан хаагчид гэнэтийн дайралтад өртөж амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин