Одоогийн үндсэн хуулийн чадавхи, нөөц барагдаагүй
2016-01-14

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 24 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд төр, засгийнхан Үндсэн хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, бүрэн гүйцэд дагаж мөрдөж чадаж байна уу?


-Өнгөрсөн 24 жилийн хугацаанд манай улсын төр, засаг Үндсэн хуулийнхаа хэрэгжилт дээр нэг ч удаа дүн шинжилгээ хийгээгүй.
Тиймээс энэ онд эмхлэн байгуулагдах УИХ болон Засгийн газрын гишүүд ээлжит чуулганаараа тусгайлан асуудал болгож, тал бүрээс нь авч үзэх хэрэгтэй.


-Гэхдээ тэдний зүгээс “эцэг” хуулийг шинэчлэх ёстой гэдгийг удаа дараа сануулж байгаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж, бүр Ажлын хэсгийг ч томилсон. Таны хувьд яг ямар заалтыг нь өөрчилж, алийг нь хэвээр үлдээх ёстой гэж бодож байна вэ?


-Саяхан би “1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн чадавхи барагдаагүй” гэх сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл тавилаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн одоогийн чадавхи, нөөц барагдаагүй. Харин 1999 онд Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үүнийгээ л хүчингүй болгох ёстой. Нөгөөтэйгүүр УИХ-ын 46 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэрхэвч хүлээн авч, баталж болохгүй.


-Яагаад тэр вэ. Тодорхой тайлбарлаж болно биз дээ?


-Монгол Улсын хөгжил дэвшлийг зогсооно. Ядарсан эдийн засгийг улам дордуулна. Тиймээс л би хэлээд байгаа юм. Энэ онд шинээр эмхлэн байгуулах УИХ-ын гишүүд ээлжит чуулганыхаа хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, түүний нөөц чадавхийг ашиглах, ялангуяа Үндсэн хуулийн шинжтэй бусад хуулийг батлах хэрэгтэй. Ингэх аваас Монгол Улсын цаашдын хөгжил, замд үнэхээр хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, бид ойлголцож нэг сэтгэлтэй болох, эх орныхоо эв нэгдэл дээр тогтох шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улс туйлдаа хүрч ядраад хүнд байдалд байгаагийн гол шалтгаан нь гэвэл мэдэгдэхгүй олон намтай холбоотой. Нэг үгээр хэлбэл, 20 гаруй нам монголчуудыг бутаргаж байна шүү дээ. Эх орныг маань хүчгүйдүүлж байна гэхэд болно. Ялангуяа үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн болон бусад бие даасан байдалд хор учруулж болзошгүй.


-Та Үндсэн хуулийн гол алдааг юу гэж харж байна вэ. Үнэхээр өөрчлөх шаардлага тулгарч, өөрчлөлт оруулах ёстой гэвэл яг ямар заалтад нь гар хүрэх вэ?


-Энэ бол миний л бодол шүү. Монгол Улсын Үндсэн хуульд 1999 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох хэрэгтэй. Ингэх юм бол одоогийн Үндсэн хуулийг заавал засч, янзлах шаардлаггүй. Харин Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, зарчмийг бусад хуулиараа бэхжүүлэх хэрэгтэй.


-Тухайлбал, ямар хуулиараа бэхжүүлэх хэрэгтэй гэж?


-Ганцхан жишээ л хэлэх байна. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүгч нартай холбоотой хуулийн төсөл дээр. Шүүгч нарыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог болсон. Үүнийг томилох биш батламжлах гэж өөрчлөх хэрэгтэй юм. Бид саналаа ч өгсөн.


-Томилох болон батламж­­лахыг гол ялгаа нь юундаа байна вэ?


-Үнэн хэрэгтэй 1992 онд баталсан хуулийн үзэл баримтлалаар бол Ерөнхийлөгч шүүгчдийг огт томилдоггүй байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалтыг нь хийж, Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгч түүнийг нь батламжлах л үүрэгтэй. Тэрхүү батламжлал нь тухайн шүүгч алдаа гаргаагүй, шударгаар ажиллавал насан туршид нь ажилтай байлгана. Хэрэв шударга ажилласных нь төлөө хэлмэгдүүлэх гэж оролдвол Ерөнхийлөгчийн ивээл, хамгаалалтад орсон шүү гэдэг нь чухал зүйл юм. Гэтэл шүүгчдийг эсрэгээрээ Ерөнхийлөгч томилдог болж, Үндсэн хуулийнхаа гол зарчмыг бусад хуулиараа алдагдуулж байна.


-Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн Ажлын хэсгийн боловсруулсан саналыг хэрхэн харж байв?


-Үнэнийг хэлэхэд, шинжлэх ухааны хувьд дэмжихгүй. Харин аз болж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа нь дуусчихлаа. Энэ ч утгаараа тэд хуулийн төслөө татаж авсан.


-Гэхдээ Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг засах ёстой гэж яриад байна. УИХ-ын гишүүд ч дээрх байр сууриндаа бат зогсож, дагахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс харахад, Үндсэн хуулийн цэц болон УИХ хоорондын үл ойлголцол нь эрх зүйн хямралд хүргээд байна гэж ойлгож болох уу?


-Ямар ч УИХ байсан Үндэн хуулийн цэцийнхээ шийдвэрийг л дагах ёстой. Үндсэн хуулийн цэцийнхээ шийдвэрийг дагаагүйгээс болж монголчууд өнөөдөр ийм хүнд байдалд орчихоод байгаа юм.


-Ингэхэд засаглалын хэлбэрт өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Эрх баригчдын зүгээс тэнцвэргүй байна гэж яриад байгаа шүү дээ?


-Монгол Улсын Үндсэн хуульд 1999 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэдгийг дахин хэлье. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа нь дуусч байхад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл сая 46 нэр бүхий гишүүн одоогийн прламентийн бүрэн эрх дуусгавар болох гэж байхад төслөө өргөн барьж байна. Энэ хугацаанд гаргасан алдаа, завхрал, хариуцлагагүй байдал болон улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Үүнийгээ тэд “Монгол Улсын Үндсэн хуулиас л боллоо. Биднийг дахиад сонговол эцэг хуулиа гайхалтай болгоод өгье” гэсэн увайгүй байдалд орсныг л харуулж байна.


-Засгийн газар тогтворгүй байгаа нь Ерөнхий сайдын эрх мэдэл бага байгаатай холбоотой гэх юм. Тиймээс эрх мэдлийг нь нэмэх шаардлагатай гэж ярьж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?


-Одоогийн Ерөнхий сайдын эрх мэдэл бага биш. Харин ч нэг нам дэндүү олонх болоод ирсэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын эрх мэдэл бараг л хэмжээшгүй эрх мэдэлт хаан шиг байна. Үүнийг өнгөрсөн оны сонгуулиуд харуулсан. Гагцхүү Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг үнэхээр мэргэшсэн, тулхтай, зангарагтай болгох хэрэгтэй. Ийм л хүмүүсийг сонгоод томилчих юм бол Засгийн газар үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлнэ. Өнөөдөр Монголын улстөрд олигарх бүлэглэл ороод ирчихсэн байна. Өөрөөр хэлбэл, эхлээд сонгогчдоо хахуулдаж байна. Дараа нь Засгийн газрын гишүүн болж асар их мөнгөний эрх мэдэлтэй болчихоод байна. Тиймээс л УИХ болон Засгийн газрын гишүүний суудлыг хавсарч огт болохгүй.


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Асуудлыг зөв өнцгөөс харж байна гэж бодож байна. Манай дарга нар зөвшилцөл хэрэгтэй гэж их ярьдаг. Гэтэл зөвшилцөх гэдэг үгийг Улсын дээд шүүхээр өрөөсгөлөөр тайлбарлуулсан нь ихээхэн хохирол учруулдаг болсон. Улсын дээд шүүх зөвшилцөх гэдгийг харилцан санал солилцох гэсэн утгаар тайлбарлсан. Энэ нь улс төрийн нөлөөллөөр гаргасан тайлбар. Үүнийг хамгийн эхэнд засах ёстой.
2016-01-14