Жакарта: Зургаан хүн амиа алджээ
2016-01-14

Индонезийн нийслэл Жакарта хотын төвд зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, тэсрэх бөмбөг дэлбэлсэний улмаас зургаан хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Британийн “ВВС” агентлагийн сэтгүүлч Жереми Дуглас твиттертээ “Гэмт этгээдүүд зургаан удаа тэсрэх бөмбөг тэсэлсэн. Гурван хүнийг буудан хөнөөсөн. Бусад нь тэсрэх бөмбөгөнд өртсөн” гэж жиргэжээ.

 

Жакарта хотын цагдаагийн газраас “Нийслэл хотноо зэвсэглэсэн 14 этгээд халдлага үйлдэж цагдаа нартай буудалцсан. Тэдний нэг нь амиа золиослогч этгээд болохыг тогтоосон. Амиа золиослогч этгээд “Саринах” гэх худалдааны төвөөс холгүй өөрийгөө золиослосон. Гэрчүүдийн ярьснаар гэмт этгээдүүд хар даавуугаар нүүрээ халхалсан байсан. Гэмт этгээдүүдийг ямар нэгэн зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Цуврал дэлбэрэлтийн дараа армийнхан Ерөнхийлөгчийн ордон, НҮБ-ын байрыг хамгаалалтадаа авч, ойр орчимд нь хөл хорио тогтоожээ. Орон нутгийн хэвлэлүүд халдлага үйлдсэн этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байж магадгүй хэмээн таамаглав. Өнгөрсөн долоо хоногт Индонезийн нэгэн зэвсэгт бүлэглэл тус бүлэглэлийн Ази дахь салбар болсноо зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин