“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болж байна
2016-01-15

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк хамтран “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг өнөөдөр /2016.01.15.Баасан гараг/ Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

 

 

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.

 

Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.

Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа ” гэдгийг онцлов.

 

 

Энэхүү форумын зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тулгамдаж буй асуудал, боломж, гарцыг хамтдаа тодорхойлох юм.

 

Форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд болж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан даргалан явуулж байна.

 

 

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нар үг хэлэв. Мөн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Санхүүгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “ Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах нь” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, “Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стартеги” сэдвээр Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа, “Төслийн бодлогын хэтийн төлөв” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар илтгэл тавих юм.

 

 

Харин форумын үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль ба санхүүгийн зах зээлийн хөгжил” сэдвийн хүрээнд болох бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалах юм. Энэ хүрээнд “Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгох асуудал-Дубайн олон улсын санхүүгийн төвийн туршлага” сэдвээр Нийслэлийн ЭЗХГ-ын дарга Э.Тэмүүлин, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дэх санхүүгийн маргаан зөрчлийн байдал” сэдвээр ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын тасгийн дарга Ч.Өнөрцэцэг, “Санхүүгийн зах зээлийн хөгжилд хуульчдын үүрэг, оролцоо” сэдвээр Б.Баяр /Монголын Хуульчдын Холбоо/ нар илтгэл тавина.

 

 

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш Төрийн ордны Их танхимд “Хөрөнгө оруулалтын шинэ орчин-санхүүгийн зах зээл”, ”Б” танхимд “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж-ядуурлыг бууруулах арга зам”, “А” танхимд “Банк, даатгалын салбар-хөрөнгийн зах зээл дах бизнесийн шинэ модель”, “Г” танхимд “Компанийн засаглал, аудит, тайлагнал” сэдэвт салбар хуралдаанууд болох юм хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Адар:
шоугаа зогссож зардлыг нь ард түмэндээ зарцуулъя
2016-01-15