Куала Лампурт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2016-01-19

Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон цуврал халдлагын дараа Тайланд, Малайз, Сингапур улс хамгаалалтаа нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Малайзын цагдаагийнхан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нэг этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Баригдсан этгээд нийслэл Куала Лумпур хотын энтертайнмент төвд амиа золиослохоор төлөвлөж байсан хэмээн цагдаагийн газраас уламжилсан байна.

 

Цагдаагийн дарга Тан Сри Халид Абу “Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээд 28 настай. Малайз улсын иргэн. Теренггану мужийн оршин суугч. Тэрбээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын заавраар өөрийгөө егүүтгэх гэж байсныг тогтоосон” гэж мэдэгджээ.

 

Тусгай ажиллагааны үр дүнд залууг халдлага үйлдэхээс цагийн өмнө баривчилсан байна. Залуу байцаалт өгөх үедээ уг бүлэглэлтэй холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Нэгжлэгийн явцад залуугийн нуугдаж байсан орон сууцнаас тус бүлэглэлийн далбаа болон гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг зэрэг олджээ.

 

Жакартагийн халдлагын дараа Малайзын цагдаагийнхан “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой 150 гаруй этгээдийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин