Эль Чапогийн оргосон хонгилыг бөглөжээ

Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэра өнгөрсөн оны долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус улсын чанга дэглэмтэй “Альтиплано” хорих ангиас оргосон билээ. Тэрбээр шоронгоос оргохын тулд гурван сар зарцуулсан гэдгээ холливуудын нэрт жүжигчин Шон Пеннд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан юм.
Эль Чапогийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд дөрвөн сая ам.доллар өгөхөө Мексикийн удирдлагууд амлаж, интерполын тусламжтай эрэн сурвалжилсан юм. Цагдаагийнхан түүнийг зургаан сарын турш эрэн сурвалжилсны эцэст энэ оны эхээр нуугдаж буй уулнаас нь баривчилсан билээ.
Эль Чапо “Альтиплано” хорих ангид хоригдож буй бөгөөд шоронгийн удирдлагууд түүнийг дахин оргохоос сэргийлэн, дээрх ухсан нүхийг бөглөсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шороогоор бөглөсөн хэсгээр танк явуулж, бэхжүүлсэн хэмээн тус шоронгийн дарга мэдэгджээ. Түүнийг удахгүй АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ