13 саяар торгуулсан ч хууль бусаар ажилласаар байна
2016-01-19

Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Авдар баян” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.

 

Тэрбээр “Манай компани нь 1995 оноос Төв аймгийн Заамар сумын Улаан Шивэртийн аманд алт олборлох үйл ажиллагааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явуулж ирсэн. 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай манай тусгай зөвшөөрлийн 55,46 гетар талбайг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцласан. Харин 2012 оны 194, 2015 оны 289 дугаар тогтоолоор тус тус батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй гэсэн лавлагааг БОНХАЖЯ-наас гаргуулан авсан юм. Үүний дагуу хасалт хийлгэсэн дээрх талбайг шинээр ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гарган хөөцөлдөж байна. Энэ хугацаанд  “Мон дулаан трейд” ХХК нь уг талбайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс ямар ч бичиг баримт, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй хөрс хуулалт явуулж эхлээд байна. Уг компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоохоор Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодорхой арга хэмжээ авч, 13 сая төгрөгөөр торгосон ч үйл ажиллагаагаа явуулсаар одоо бүр алттай шороог тээвэрлэж зөөж, угааж эхлээд байна. Иймээс төрийн болон мэргэжлийн байгууллагын тушаал шийдвэрийг үл ойшоон хууль бус үйл ажиллагаа явуулж буй энэ компанийн талаар Уул уурхайн яам болон төр засгийн холбогдоох байгууллагуудад мэдэгдэхийг хүсч байна” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин