410.6 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө
2016-01-21

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төсөл  явагдаж байна. 2015 оны 01 сарын 08-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн   “Цахим эрүүл мэнд” төсөл амжилттай үргэлжилж улсын төв эмнэлэгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч суурилуулсан  билээ. Ийнхүү аймаг дүүргийн эмнэлгүүдийг цахимжуулах ажил үргэлжилэн өнөөдөр хоёр дахь аймаг болох Төв аймагт  “Цахим эрүүл мэнд” төслийн нээлт боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайман болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

 

Цахим эрүүл  мэнд төслийг  Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  нээж хэлсэн үгэндээ “Бид мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт зөв зохистойгоор нэвтрүүлснээр  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл  чирэгдлийг бууруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон удирдлагуудын шийдвэр гаргалтыг улам бүр оновчтой болгож чадна гэдгийг онцолж байлаа.

 

 

Төв аймаг нь  Монгол Улсын хамгийн олон сумтай  аймаг. Тус аймгийн эрүүл мэндийн салбарынхан  27 сумын нийт 90   гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэсээр ирсэн  билээ. Өнөөдөр нээлтээ хийн хэрэгжиж байгаа цахим эрүүл мэнд төслийн хүрээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газарт 130 сая төгрөгийн өртөг бүхий 6  нэр төрлийн тоног төхөөрөмж, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 410.6 сая төгрөгийн 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

 

Цахим эрүүл мэнд төсөл нь нийтдээ  18.9 сая ам.долларын  өртөгтэй бөгөөд нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэгдэж  байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин