Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-01-21

Пакистаны Хайбер Пахтунхва мужийн Чарсадда хотноо байрлах “Бача Хан” их сургуулийн хотхонд өчигдөр зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, бөмбөг тэсэлсэн билээ. Халдлагын улмаас амиа алдагсдын тоо 30 болсон тухай орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

 

“Амиа алдагсдын 11 нь оюутан” хэмээн Бача Хан их сургуулийн хичээлийн эрхлэгч мэдэгджээ. Тэрбээр “Оюутнуудыг аюулгүй газар нүүлгэсэн. Сургуулийн ойр орчимд цагдаагийнхан эргүүлд гарч байгаа. Ирэх долоо хоногоос сургууль хэвийн үйл ажиллагаандаа шилжих төлөвлөгөөтэй байна” гэж хэлжээ.

 

Цагдаагийнхан тусгай ажиллагааны үеэр халдлага үйлдсэн дөрвөн террористыг устгасан аж. Нэгжлэгээр тэднийг аль нэгэн бүлэглэлийн дайчин болохыг тогтоож чадаагүй гэнэ.

 

Пакистаны удирдлагууд их сургуулийн халдлагыг талибанчууд үйлдсэн хэмээн мэдэгдэж, тэдний эсрэг цохилт өгөхөөр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин