Оросын ЭСЯ-ны ойролцоо амиа золиосложээ
2016-01-22

Афганистан улсын нийслэл Кабул хотноо суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоо өчигдөр 21.00 цагийн орчимд амиа золиослогч этгээд автомашин дэлбэлсэн тухай “www.freenews.xyz” мэдээллээ. Халдлагын үеэр долоон хүн амиа алдаж, 25 хүн гэмтсэн хэмээн Кабул хотын цагдаагийн газраас уламжилсан байна.

 

Уг хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн дарга генерал Абдул Рахман Рахими “Амиа золиослогч этгээд 20 орчим насны эрэгтэй байсан. Амиа алдагсдын хоёр нь эмэгтэй” гэж мэдэгджээ. Энэхүү халдлагын гол бай элчин сайдын яам бус “Толо” гэх телевизийн ажилчдын автобусны буудал байсан гэв.

 

Дэлбэрэлтээс хагас цагийн дараа талибанчууд твиттер хуудсаараа дамжуулан Кабул хотноо болсон халдлагыг захиалсан болохоо мэдэгдэж “Тун удахгүй бид эргэн ирж, дуусгаагүй ажлаа дуусгах болно” гэж жиргэжээ.

 

Талибанчууд өнгөрсөн оны сүүлээр Афганистаны хэд хэдэн телевизийн ажилчдыг заналхийлсэн юм. Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд талибанчууд твиттер хуудсаараа дамжуулан “Толо” телевизийн дарга болон ажилчдыг заналхийлсэн билээ. Учир нь тус телевизийн сурвалжлах баг “Талибан” бүлэглэлийн бэлгийн боолчлолд байсан охид, эмэгтэйчүүдтэй ярилцлага хийсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин