Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өсчээ
2016-01-25

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. "2015 оны шүүн таслах ажлын дүн мэдээ” сэдэвт тус хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт С.Билгүүн нар мэдээлэл хийж, хөдөө орон нутгийн нийт шүүхийн Тамгын газрууд онлайнаар холбогдлоо.

 


Монгол Улсын шүүх 2015 онд 11603 хүнд холбогдох нийт 7998 эрүүгийн хэрэг хүлээн авчээ

 

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 6 хувиар өссөн бол ял шийтгүүлэгчдийн тоо 5.9 хувиар буурсан байна. Монгол Улсын шүүх 2015 онд нийт 6756 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 7696 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ.

 

Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 6 хувиар өссөн бол ял шийтгүүлэгчдийн тоо 5.9 хувиар буурсан байна.Гэмт хэргийн улмаас нийтдээ 59 тэрбум 796 сая 149 мянга 813 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 518 хүний амь хохирч, 3028 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ. 

 

Хулгайлах, залилах гэмт хэрэг өсөв

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх олж авах, хадгалах, борлуулах, тээвэрлэх, илгээх, борлуулах хэрэг өсчээ.

 

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 186 байгаа нь өмнөх оноос 13 хэргээр буюу 6.5 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг 303 байгаа нь 17 хэргээр буюу 5.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 623 байгаа нь 15 хэргээр буюу 2.4 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 750 хэрэг гарсан нь 44 хэргээр буюу 5.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан дүн юм.

 

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1418 байгаа нь өнгөрсөн оноос 82 хэргээр буюу 6.1 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг 209 байгаа нь өнгөрсөн оноос 26 хэргээр буюу 14.2 хувиар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 42 гарсан нь өнгөрсөн оноос 9 хэргээр буюу 27.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 41.3 хувийг эзэлж байна. 

 

Гэмт хэрэг давтан үйлдэх нь нэмэгджээ

 

Өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 31.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 7.5 хувиар тус тус өссөн бол урьд ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо 1 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 7.5 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 9.6 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.9 хувь нь 18-29 насны хүмүүс байх бөгөөд 62 хувь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байна. 

 

Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо 6678 хэргээр нэмэгдэв

 

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 онд нийт 56607 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 40674 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн тоо өмнөх оноос 6678 хэргээр буюу 19.6 хувиар огцом өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд зээлийн гэрээний маргаан өмнөх оноос 3284 хэргээр буюу 2.1 дахин, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой маргаан 1060 хэргээр буюу 59.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Захиргааны хэрэг өсчээ

 

Улсын хэмжээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 2775 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч 1439 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 21 хувиар өссөн дүн юм. Захиргааны хэргийн тоо ийнхүү жил дараалан тогтмол өсч байгаа нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх эрх зүйн ухамсар, соёл дээшилж байгаатай холбоотой.

 

Эвлэрүүлэн зуучлал эрэлттэй байна

 

Иргэд, хуулийн этгээд маргаанаа шүүхийн бус журмаар, түргэн шуурхай зардал багатайгаар шийдүүлэхийн тулд шүүхийн эвлэрүүлэн зуучлагчдад хандах нь ихэссэн байна. 2015 онд иргэдээс нийт 15122 өргөдөл эвлэрүүлэн зуучлагчдад гаргасан нь өнгөрсөн онтой харьцуулбал 2.5 дахин, тэдгээр өргөдлөөс 11854 өргөдлийг шийдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.

 

Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 3.3 орчим тэрбум төгрөгийг төрийн санд оруулжээ. Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 3.391.078.756 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оноос 46.7 хувиар өссөн мөнгөн дүн юм байна.

 

  Тэнсэн сулласан хүний тоо буурчээ

 

2015 онд захиргааны арга хэмжээ авагдсан хүний тоо 14913 байгаа нь өмнөх оноос 3698 хүнээр буюу 19.8 хувиар, цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 3227 байгаа нь өмнөх оноос 494 хүнээр буюу 13.2 хувиар, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан хүний тоо 1228 байгаа нь өмнөх оноос 534 хүнээр буюу 30.3 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин