“Үндэсний хөтөлбөр 2”-г өргөн барьжээ
2016-01-25

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаа талаар мэдээллээ. Тус хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон Тамгын газрын дарга Ч.Бямбадорж, Өрсөлдөөний бодлого зохицуулал, зах зээлийн судалгааны газрын дарга М.Баасандорж, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бат-Оргил, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын дарга Ш.Алтанчимэг нар оролцсон юм.

 

 

Энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, “Үндэсний хөтөлбөр 2”-г бүрэн боловсруулж дуусаад байгаа бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарт хүлээлгэн өгөөд байгаа юм байна.

 

“Үндэсний хөтөлбөр 2”-г боловсруулж ажилласнаар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа,ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний, үйлдвэрлэл, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах томоохон ач холбогдолтой юм.

 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлаг энэ жил олон томоохон ажлыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг “Үндэсний хөтөлбөр 2” юм. Хөтөлбөрийн хүрээнд бид хэрэглэгчид болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг түлхүү явуулна. Ингэснээр эрх нь зөрчигдсөн хойно торгох, шалгах биш урьдчилан сэргийлж, хэрэглэгч эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг тийм тогтолцоог бий болгоно. Мөн манай агентлаг Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн илүү боловсронгуй болох томоохон ач холбогдолтой юм. Бидний хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа бас нэгэн томоохон ажил бол улсын хэмжээний сүлжээ бий болгох юм. Орон нутаг, дүүрэг бүрт төлөөлөлтэй болж сүлжээ бий болгосноор хэрэглэгчидэд манай агентлаг илүү ойртож, хэрэглэгч өргөдөл гомдолоо гаргахын тулд заавал хот руу, эсвэл захын дүүргээс төврүү явж цаг алдахгүй гэсэн үг” хэмээн ярьсан юм.

 

Хурлын үеэр ШӨХТГ-аас зарим нэг газарт хяналт шалгалт явуулсан талаараа мэдээллээ. Тус газраас Барс, Нарантуул захуудад хяналт шалгалт хийхэд “Арвайн Үндэс” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Водка”, “Чингис хаан Монголиа” архинууддаа урамшуулал зарлаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудыг зөрчсөнийг тогтоон тус компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын харъяа Замын Үүд зорчигч үйлчилгээний төвийн тасалбарын борлуулалтын дараах үйлчилгээ, буцаан олголтын байдал, борлуулж буй тасалбарт хамаарах үйлчилгээний төлбөр хураамжийн нөхцөл болон түүнийг журамласан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгав. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүдийг илрүүлжээ. Үүнд:

 

Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын 2008 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн 88 дугаар тушаалаар баталсан “Төмөр замаар зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2.12 дах “Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй” гэсэн заалтын дагуу тасалбараа үрэгдүүлсэн зорчигчийг дахин тасалбар худалдан авсных нь дараа буюу нэг тасалбарыг 2 удаа борлуулсныхаа дараа үйлчилж байгаа зөрчил илрэв. Тасалбараа үрэгдүүлсэн хэрэглэгч галт тэргээр үйлчлүүлэхгүй зүгээр л хохироод өнгөрөх нөхцлийг бий болгосон Сайдын тушаалын энэ заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн  12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж байна. Хэрэв тасалбар үрэгдэх нь УБТЗ ХНН-т тодорхой хохирол учирч байгаа бол энэ тухай хэрэглэгчид тасалбар дээрээ тодорхой бичиж мэдээлэл өгөх шаардлагатай. Гэтэл галт тэрэгний тасалбарыг борлуулахдаа тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр бүртгэл хийж, регистрийн дугаарыг нь тасалбар дээр бичиж, өөр этгээд ашиглах боломжийг хязгаарладаг төдийгүй тэр мэдээллийг төмөр замын аль ч өртөө, зөрлөг, цэгээс цахим хэлбэрээр хянах, харах боломжтой байна. Ийм тохиолдолд тасалбараа үрэгдүүлсэн зорчигч зөвхөн иргэний үнэмлэхээ шалгуулаад зорчиход үйлчилгээ эрхэлж байгаа этгээдэд хохирол учирахгүй тул дахин тасалбар ав гэж шаардах, ямар нэг алданги, суутгал тооцон авах шаардлагагүй байна. Зөвхөн тухайн зорчигчийн иргэний үнэмлэхээр нь буюу цахим тасалбараар үйлчилдэг үйлчилгээг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлээд олон жил болж байгаа билээ.

 

Улаанбаатар Төмөр Замын Даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А-140 тушаалын дагуу тасалбар худалдахдаа цагаан хэрэглэлийн болон цайны үйлчилгээний үнийг зорчигчийн зөвшөөрөлгүйгээр хураан авч байна. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа этгээдээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна.

Shuud.mn
Сонин хачин