“Монгол дуу-дэлхийд” уралдааныг телевизээр цацна
2016-01-26

 

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар “Монгол дуу-дэлхийд” анхдугаар уралдааныг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлээд буй. Уралдааны зохион байгуулагч БСШУ-ны сайд Л.Гантөмөр, хамтран зохион байгуулагч УГЗ, Б.Долгион, дуучин К.Номинжин нар мэдээлэл хийлээ.

 

Монгол угсаатан төдийгүй олон улсад , ард түмний дууны урлагийг түгээн дэлгэрүүлэх, харилцан баяжуулах зорилгоор  тус дууны уралдааныг эхлүүлээд буй юм. Монголын орчин цагийн  поп дууг англи хэлээр орчуулан дуулах болзол бүхий тус уралдааныг 4 үе шаттай зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэсэн тус наадамд давхардсан тоогоор 100 гаруй оролцогч өөрсдийн орчуулж дуулсан хувилбар бүхий бичлэгээ зохион байгуулах комиссын хаягаар ирүүлсэн байна. Үүнээс шалгаруулалт явуулж шилдэг 10 оролцогч дараагийн шатанд оролцох эрхтэй болсон гэнэ. Шалгарч үлдсэн 10 оролцогч хасагдахгүй бөгөөд шүүгчид 1-5 оноо өгч дүгнэх аж.

 

Уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс “25-р суваг”, “UBS  мusic”, “Star”,  “VTV”, “Royal”, “Channel 11”,  “World”, “SCH”, “Парламент” телевизээр олон нийтэд хүргэхээр болжээ. “Доли” продакшний захирал Б.Долгион “Энэ уралдаан монгол дууг дэлхийд таниулах гүүр байх болно. Мөн Монголын рок попыг таниулах зам болох юм. Тиймээс эхний шатны шалгаруулалтыг цахимаар зарласан. Харин уралдааны хоёрдугаар шатнаас эхлэн интернэтээр биш, телевизээр үзүүлэхээр боллоо. Сүүлийн үед гарч буй телевизийн шоунаас ялгарах онцлог нь шүүгч нар оролцогч нараа сугалаагаар хуваан авч продюсинг хийж дасгалжуулж өрсөлдөнө” хэмээв.

 

Хоёрдугаар сарын 19-нд болох уралдааны Гала концертийн үеэр шилдэг дөрвөн оролцогчыг шалгаруулж шагнал гардуулах юм байна. Түүнчлэн шалгарсан дуунуудаар цомог гаргах ажлыг зохион байгуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол рок поп урлаг дэлхийд гарах арай л болоогүй дээ. харин ардын язгуур урлагийн төрлүүд дэлхийд аль хэдийн гарсан ш дээ. мөн дэлхийн сонгодогоор монголчууд аль хэдийн дэлхийд гарсан. Рок попынхон ардын язгуур урлагаасаа шинэ санаа сэдэл хайх хэрэгтэй. тэрнээс биш Долгион шиг ардын дуу сонсоддоггүй дан барууны хөгжим сонсдог хүн яаж ч чадахгүй.
2016-01-26