Хажуудах хүнтэйгээ нэг үйлсийн төлөө хамтран зүтгэж байна
2016-01-28

Гэрэл зургийг MPA.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Тус байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулсны дараагаар УИХ дахь МАН, АН-ын бүлэг дүгнэлтээ танилцууллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Оюутолгойн гэрээ хохиролтой байдлаар зурагдлаа. 2.1 тэрбум ам.долларын авлагатай байсныг алдчихлаа. Даатгалын хэмжээ гэхэд 1.5 тэрбум ам.доллар байсан гээд байна. Үүнийг Ерөнхий сайд юу гэж үзэж байна вэ? Мөн Тавантолгойн асуудал ямар түвшинд явж байна вэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг хохиролтой болгоогүй. Гүний уурхайг эхлүүлснээр ашигтай талд нь оруулсан. Тавантолгойн төслийг Засгийн газар зогсоогоогүй. Үргэлжлүүлж байгаа.

 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:

 

-“Оюутолгойн ил уурхай 2.1 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй. Харин гүний уурхайгаас олборлолт эхлүүлснээр 8 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Гүний уурхайн ажлын байр 3000-аар нэмэгдэж, жилд 1.8 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг гаднаас оруулж ирэх боломжтой.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Татварыг хүчингүй болгосноороо юу хожсон гэх гээд байна вэ? Хөрөнгө оруулалтаа 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гээд байна. УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс сайдыг хөөж явуулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сайдад хариуцлага тооц гээд бичиг явуулж байсныг энэ Засгийн газар хэрэгжүүлээгүй. Хууль нэгдүгээрт юм уу, эрх мэдэл нэгдүгээрт юм уу.

 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:

 

-Ажлын хэсэг хөрөнгө оруулалтыг анхан шатны баримттай нь харьцуулж шалгасан.Эндээс зардлын хэтрэлт болсон гэсэн.  Харин  татварын маргаан зохицуулалтаар 30 сая ам.долларын шийдвэр гаргасан. Үүнийг Оюутолгой компани төлсөн.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Татварын байцаагч акт тавьсанаар хууль зөрчсөн шийдвэр болохгүй гэдгийг та мэдэж байгаа. Хэд хэдэн процессоор явагдана. Танд бүх процессийг нь тайлбарлалаа. 34 хувь буураагүй, бизнесийн зарчмаар явж байгаа. 34 хувь зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Миний хувьд “Шударга ёс” эвслийн дотор ороод хувааж бутаргаад байгаа зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Танай Засгийн газраас үе үе мөнгө тараагаад байна. Дүнжингарав зах дээр 20 мянган төгрөг тараасан байна. Таксины жолооч нарт тараасан байна. Ямар учиртай юм бэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Өрхийн орлого 500 мянга хүртэл орлоготой өрх хэд байна, 500-1 сая төгрөг, 1 саяас 1.5 сая төгрөгийн орлоготой өрх хэд байгаа гэсэн судалгаа гаргасан. Харин Засгийн газраас 20 мянган төгрөг тараасан зүйлгүй. Би энэ талаар мэдэх юм алга.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Эдийн засаг хүнд үед ажил явуулахад хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр таны хамтарсан “Шударга ёс” эвсэл, нөгөө талаас танай намынхан, тэр дундаа хажууд сууж байгаа хүн чинь хатгаж байна. Танай Засгийн газар дэндүү худалч юм. Малчдын зээлийн хүүг бууруулна гээд худлаа ярих юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Г.Уянгын бланк дээр МАН-ын гишүүд гарын үсэг зурж өргөн барьсан. Би ямар хамаатай юм. Хаа хамаагүй зүйл холиод ярьчих юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Улс төрөө бага хийж, урагшаа явах ажлаа ихийг хийх цаг үе. АН-ын талаар хагарах та яриад хэрэггүй. Хажууд сууж байгаа хүнтэйгээ нэг үйлсийн төлөө хамтран зүтгээд явж байгаа. Харин энэ асуудлыг МАН-ын бүлгээс зохион байгуулан хийж байгаа юм байна. Малчдын зээл 10 хувь болно. Худлаа яриагүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
uu:
Ereenruu ochood hardaa butsaat l novshiin ueruugee orj b
2016-01-28