Өмнөх хэргийн хохирлоо төлөхийн тулд хулгай хийжээ
2016-01-29

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Сар шинэ-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, талбай, олон нийтийн газар эргүүлийн ажиллагааг зохион байгуулж аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтыг тавин ажиллаж байна. Өчигдөр тус хэлтэст түр саатаж нөхцөл байдалтай танилцлаа.

 

 Тус хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгай, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн нийт найман удаагийн үйлдлээр иргэдийн зуслангийн байшин, орон сууцны вакум цонхыг түлхэж, үнэт эдлэл, LCD зурагт болон үнэд хүрэхүйц эд зүйл хулгайлсан Э гэгчийг баривчлан, шалгаж эхэлжээ.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж буй этгээд уг хэргийн хохирлыг нөхөн төлөхийн тулд дахин Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс хулгай хийж байсныг тус цагдаагийн хэлтсийн шөнийн эргүүлийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилжээ.

 

Сэжигтэн Б нь өмнөх хулгайн хэргийн хохирлоо нөхөн төлөхийн тулд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн цонхыг хөшиж нөүтбүүк, бэлэн мөнгө хулгайлсан байна. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Явж байгаад цэцэрлэг харанхуй байхаар нь санамсаргүй орчихсон. Бэлэн мөнгөөр нь тоглоод дууссан. Нөүтбүүкийг нь цагдаад хургаалгасан” гэж ярьж байв.

 

Сэжигтэн Б нь 18 настай, сурдаггүй, албан бус боловсрол олгох сургалтаар агрономич болсон. Улирлын чанартай ажил хийдэг аж. Түүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж.

 

Тус хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдийн ил задгай, хараа хяналтгүй орхисон автомашины гурвалжин цонхыг хагалж, дотроос нь эд зүйл бүлэглэн хулгайлдаг Г нарын үйлдлийг таслан зогсоож, мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.

 

Хулгайн гэмт хэрэг нэмэгдэж, гэмт этгээдүүдийн арга үйлдэл улам нарийсаж байгааг цагдаагийн алба хаагчид ярьж байсан. Иймд иргэд өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хараа хяналтаа сайжруулах, хороо, дүүргийнхээ цагдаагийн байгууллага, алба хаагчидтай хамтран ажиллах, гэр орноо эзэнгүй орхиж буй тохиолдолд эргүүлийн цагдаад мэдэгдэж байхыг зөвлөж байлаа.

 

"Газрын гэрчилгээ гаргаж өгнө" гэж залилжээ

 

Залилангийн хэрэг хулгайн гэмт хэргийн араас шил дарж явааг цагдаагийн байгууллагаас мэдээлж, иргэдийн гэнэдэж, зальт этгээдийн үгэнд итгэн эд зүйл, өмч хөрөнгөө алдахгүй байхыг сэрэмжлүүлдэг.

 

Гэтэл “газрын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг амар хялбар гаргаж өгнө” гэж иргэдээс мөнгө авч, залилсан Б гэгчийг тус хэлтсийн алба хаагчид саатуулсан байна. Сэжигтэн Б мөн иргэдийн газрын кадастрын зургийг авч, өөрийн нэр дээр болгон шилжүүлээд бусдад дамжуулан худалдан борлуулдаг байжээ. Найман удаагийн үйлдэлтэй уг хэргийг шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин