Засгийн газар огцрох ч багадана

УИХ дахь бие даагчдын зөвлөл болон УИХ-ын гишүүн Г.Уянга хамтарч мэдээлэл хийлээ. УИХ дахь Бие даагчдын гишүүдийн мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Г.Уянга хамтарч оролцлоо. Тэд мэдээлэлдээ “УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ Оюутолгойн асуудал хэзээ нэгэн цагт олон улсын Арбитрын шүүхэд очиж таарна. Тэр үед УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсан уг төсөлтэй холбоотой асуудал Арбитрын шүүх дээр тодорхой баримт болох нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр энэхүү огцруулах саналын хүрээнд ард түмэнд үнэн бодит мэдээллийг гаргаж тавьсан хэмээн үзэж байна" хэмээн онцлов.
УИХ-ын гишүүн Г.Уянга“Оюутолгой бол өнөөгийн түвшинд дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа орд. Одоогоор мэдэгдэж буй нөөц нь долоон Эрдэнэттэй дүйцэхүйц зэсийн нөөцтэй, 37 Гацуурттай дүйцэхүйц алтны нөөцтэй. Ашиглалтын явцад нөөц нь өсөх магадлалтай. Энэ ордоо ашиглаад сайхан амьдарч болох байтал их өрөнд орсон. Анх тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум долларыг тусгаж, эхний ээлжинд ил уурхайг 30 жил ашиглана. Гучин жилийн хугацаанд ашиг олоод далд уурхай руугаа орно гэж гэрээндээ тусгасан. Гэтэл ашиглалтын явцад анхны хүлээн зөвшөөрсөн 4 тэрбум доллар 8,4 тэрбум доллар болж өссөн. Үүн дээр нь маргаан үүсгээд явж байтал Дубайн гэрээг байгуулсан. Үүгээр 6,8 тэрбум долларыг нэмсэн. Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч дараа дараагийн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгойн гадагш гаргаж буй баялагийн хэмжээ өссөөр байгаа ч энэ үр нөлөө нь улс орны эдийн засагт сайнаар тусахгүй байна” хэмээв. Мөн тэрбээр Органик хүнсний тухай хууль, Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийг дэмжихээ илэрхийлсэн бол Гацууртын асуудлыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ