Иргэний үүргээ биелүүлээгүй нөхдөд төр төмөр нүүрээ харуулаач
2016-02-02

Зарим нэг амны бэлгэ нь өмхийрчихсөн нөхдүүдийн муу амлаад, муухай царайлаад байгаа шиг Монгол Улс тартагтаа тулаад, яахаа алдатлаа сөхөрчихөөд байгаа юм алга. Нэг үеэ бодвол манай улс хөгжиж байна. Улаанбаатар хотдоо хорсон хонь шиг шавсан ч гэсэн бид жаахан газартаа зохицоод, тохижоод амьдрахыг хичээж л байна шүү дээ. Яг үнэндээ муу амлаад байх юм алга. Монгол Улс хөгжиж, цэцэглэж байна. Улаанбаатар хотын удирдлагууд хэт их төвлөрөлтэй холбоотойгоор гарч ирж байгаа сөрөг бүхнийг эерүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Яадаг юм, бүгдээрээ жаахан өөдрөг байж, өнгөтэй өөдтэйгээ ярья. Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Улаанбаатар хотдоо барьж байгуулж буй бүтээн байгуулалт, сайн сайхныг нь харах нүдтэй болъё. Үгүй ээ бод доо, хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотын зам ямар байлаа.

 

Гарц нь цагаан будаггүй, уулзварууд нь эр зориг шалгаж, эвгүй­хэн явбал мөргөлдчихдөг байсан. “Аюулгүйн” тодотголтой аюултай тойргууд олон байлаа. Замын нэвтрэх чадвар муу, түгжрэхээс өөр сонголтгүй байсан. Гэтэл сүүлийн хэдэн жилд Улаанбаатар хотын замууд ямар болов. Уулзваруудыг яаж өөрчлөв. Хэчнээн гүүрэн болон хонгилон гарц барьж байгуулав. Гэр хорооллын дундуур шинэ зам барьж, тэр нь өндөр ачаалалтай замын ачааллаас хугаслав даа. Нэрлээд байвал олон ажил хийж. Зөвхөн замын талаар ярихад шүү дээ. Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр хэчнээн айл орон сууцанд оров. Өнөөдөр 100 айл, “Ногоон нуур” хавьд гэр хороолол гэхээр юм үлдсэнгүй.

 

Тэр чигтээ орон сууцны хороолол болоод хувирчихлаа. Дундуур нь сайхан дардан зам тавьж байна. Өч төчнөөн айл орон сууцанд орсны хүчинд 100 айл орчмын утаа эрс буурчихлаа. Ингээд тоочоод байвал сайн сайхан зүйл энэ улсад чинь болоод л байгаа биз дээ. Гэтэл манайхан дандаа саарыг нь түүж яриад, хөмсгөө зангидаад, хэзээ хэзээгүй үхэх гэж байгаа аятай л байх юм.

 

Яг үнэндээ ингэж муу амлаж, муухай царайлж байгаа нөхдүүд өөрсдөө л иргэний үүргээ биелүүлэхгүй, улсын хөгжлөөс хойш нь татаж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ татъя. 21 дүгээр хорооллын уулзвараас нэгдүгээр хорооллын ар хүртэл засмал зам тавьчихаад байгаа. Нэгдүгээр хорооллоос гэр хорооллын гудамж дундуур гараад 21 дүгээр хорооллын уулзвар хүрэх энэ хэсгээр зорчих тээврийн хэрэгсэл их байдаг бөгөөд шороон замтай байх үед тоосжилт ихтэй байсан байна. Одоо бол байдал хамаагүй дээрдсэн. Энэхүү ажлын хүрээнд 890 орчим метр зам барьсан бөгөөд ингэхдээ тус зурваст багтсан 30 гаруй иргэний хашааг татуулж, газар чөлөөлөлт хийсэн юм билээ.

 

Гэтэл хоёр иргэн газраа чөлөөлж өгөөгүйгээс болоод замын зорчих хэсэг нарийсч, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй болчихоод байгаа. Үүнээс үүдээд зам тээврийн онц ноцтой осол гарч ч магадгүй гэж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлээд байгаа. Магадгүй ч гэж дээ, угаасаа нэг л өдөр осол гарна, тодорхой. Муу амлаж байна гэж бодох хэрэггүй. Ерөөсөө газраа чөлөөлж, хашаагаа жаахан татаад өгчихгүй байгаа айлуудын ойролцоо хоёр машин зөрөх ямар ч боломжгүй. Заавал хоёр урсгалын нэг нь зогсч байгаад, нөгөө нь явна. Тийм нарийн зам дээр гэнэтийн осол гарч, мөргөлдөхгүй гэж газар байхгүй. Уг нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас замын ажил эхлэхээс өмнө гүрийгээд байгаа нөхдүүдтэй  үнэ өртгөө тохирсон юм билээ.

 

Гэтэл яг  ажил эхэлсний дараа тухайн иргэд газрын төлбөр нэмж өгөхийг шаардсан гэж байгаа. Ингэж ар нуруу руу хутга дүрж яана вэ. Нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг гэж бий. Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр үүргээ биелүүлж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх л хэрэгтэй. Эхлээд үнээ хэлэхэд нь төрөөс өгч чадаагүй гэж новширсон бол нөхдүүд гэдийж болох л байсан. Гэтэл үнээ тохирчихсон мөртлөө яг ажил хийх гэхээр шантааж хийгээд, илүү мөнгө нэхээд хэвтчихнэ гэдэг чинь арай дэндүү биз дээ. Уг нь ийм нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулчих хэрэгтэй. Эхлээд тохирсон мөнгийг нь өгчихөөд, авах ёстой газраа хүчээр авчихвал яасан байсан юм. Зарим зүйл дээр иргэдэд таалагдах гэж хэтэрхий нялцаганахаар зарим нь арай л хэтрээд байх шиг байна.

 

Ерөөсөө өнөөдөр газрыг нь чөлөөлөөд, оронд нь орон сууц өгье, тохилог байранд оруулъё гэхээр хэтэрхий өндөр үнэ нэхээд хэвтчихдэг нөхдүүд байдаг. Зарим хүний газрыг барилгын компаниуд хэтэрхий хямдхан авах гэж зүтгэдэг л байх. Тийм тохиолдолд иргэд тохирсон үнээр нь газраа зарах гэж зүтгэх нь зөв. Гэтэл чамгүй үнэ төлж байхад гэдийдэг шуналтнууд ч байна. Тэгсэн мөртлөө улс орон хэцүүдлээ, утаандаа ууслаа, ус нь хордлоо, уушги хэцүүдлээ гээд худлаа худлаа юм ярихыг яана. Утаа гаргаж байгаа яндангаа цөөлье гэж хичээхгүй мөртлөө шүү дээ.

 

Яг энэ жишгээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны дундуур тавьсан зам дээр осол гарвал газраа чөлөөлж өгөөгүй, их мөнгө нэхсэн нөхдүүд муу зам тавьсан. Олигтойхон өргөн зам тавьчихсан бол ингэхгүй энэ тэр гээд л “хуцаж” алдана даа. Аягүй нам, улс төртэй холбоод явж өгөхийг ч үгүйсгэх аргагүй. Манай улсад ийм нөхдүүд дүүрэн л байна. Тийм болохоор төрийн төмөр нүүрийг хааяа ч болов хэрэглэж байхад гэмгүй. Зам дээр нь осол гарч, хүний амь нас эрсдэж байж л нийтээрээ ухаан орох гээгүй юм бол жаахан хүч хэрэглэчихэд яадаг юм.  Нөгөө талаар тэдгээр иргэд ичих нүүртэй бол газраа чөлөөлөөд өгчих байх. Сүхбаатар аймагт гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, барилга байшин барих гэтэл нэг нөхөр газраа чөлөөлөөгүй гэж байгаа. Тэгэхээр хашааг нь тойруулаад л барилгаа бариад, бүтээн байгуулалтаа өрнүүлчихсэн юм билээ.

 

Орон сууцны дунд ганц хашаа, байшин байхаар ямар л олигтой байв гэж. Сүүлдээ нөгөө нөхөр ичсэндээ Засаг дарга дээрээ орж, газраа чөлөөлье гэсэн юм билээ. Энэ бол болсон явдаг. Үүнтэй адил тэр иргэд бусад хүмүүст аюул учруулж байгаагаа ойлгоод, сайн дураараа газраа чөлөөлөөд, эхлээд тохирсон мөнгөө авчих нэг сонголт байж болох юм. Ухаантай, соёлтой л бол шүү дээ. Тэгэхгүй мөнгөний л төлөө улайраад байвал төр “төмөр нүүр”-ээ харуулчихгүй юу даа. Их л удаж, нийслэлийнхэн биднийг дээрэмдлээ, ардчилсан улсад амьдарч байж ийм юм үзэх ч гэж дээ гэж худлаа жүжиглэнэ л биз. Нэг их удахгүй мартагдана. Харин машинтай иргэд мөргөлдөх аюулгүй, түгжрэл багатай замаар явчихаж байвал аятай юу.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
gar:
chi zuv ym heljee yadiin bolohkui bol bagalzyyrdakh heregtei gedeg shig l
2016-02-02
Зочин:
Ардчилсан нийгэмд хувийн өмчийг хүчээр булаан авах эрх байхгүй.
2016-02-02