Солонгорсон улс төр
2016-02-03

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөө маргаашгүй хаалтаа хийнэ. Гэхдээ хэлэлцэгдээгүй 40 орчим хуулийн төсөл байгаа учир ээлжит бус чуулганы хуралдуулах зайлшгүй шаардлагатай гэж УИХ-ын дарга үзжээ. Хавар, намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төсөл  хаалтын өмнөхөн бөөндөж батлагдаж, эсвээс дараагийн чуулганд шилждэг, байдаг л энгийн асуудал. Харин энэ удаагийн хэлэлцэгдэн шийдвэрлэгдээгүй 40 орчим хууль тогтоолын төсөл дотор УИХ-ын даргад хамаарах асуудал тууж яваа учир ээлжит бус чуулганыг тухай үед нь зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэнээс зайлахгүй.

 

Иргэн Б.Энхбаяр УИХ-ын даргыг хуралдаан удирдан зохион байгуулж байхдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх, энэ нь түүнийг огцруулах үндэслэл болох эсэх асуудлаар ҮХЦ-д өгөөд байгаа билээ.

 

Өнөөдөр улс төрийн нам хүчний хувьд цаг хором бүрийг үр ашигтай, өгөөжтэй биш юм гэхэд сөрөг асуудалгүй өнгөрөөх нь юунаас чухал болоод байгаа. Учир нь ердийн бус сонгуулийн хүрд эргэсэн өдрүүд үргэлжилж байна. Хаана хаанаа асуудалгүй сонгуулиа үргэлжлүүлэхийг намууд дотроо хэлэлцэж байгаа. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн энэ үед АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд ҮХЦ-д  дуудагдсан нь амьсгаа тайван байж болохгүй асуудал. Тиймээс л хаврын чуулган хүртэл чимээгүй суух бус  зовлонгийн түргэн, жаргалын удаан” гэгчээр үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан шийдвэрлэхээр ээлжит бус чуулганыг товлох байх.

 

Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулах асуудал сөхөгдсөн. Засгийн газраас хуулийн дагуу хувьдаа бус албан хэрэгцээндээ “Lexus-570” машин гаргуулж авсны төлөө авлигачнаараа цоллуулж, насныхаа тоогоор чиглүүлж байгаа ҮХЦ-ын дарга Л.Амарсанаагийн даралт хийгээд сэтгэлзүйн дарамтыг нь ярилтгүй, хойшоо. Намрын ээлжит чуулганыг хаахын өмнө  энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна лээ. Басхүү Гацууртын ордын төрийн эзэмших хувийг өнөөдөр эцэслэн батлахаар төлөвлөжээ. Хэрвээ дээрх асуудлуудаар парламент дахь аль нэг хүчин завсарлага авбал мэдээж ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс ч ээлжит бус чуулган зарлах цаг үеийн шаардлага тулсан аж.

 

Нэгэнтээ сонгуулийн  цаг тоолол эргэж байгаа энэ өдрүүдэд улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцох, аль нэг намтай эвсэх үү, нэгдэх үү гээд тогоон дотроо даргилан буцалж байна. Заримынх нь ч олгой хагараад савнаасаа хальж, дотооддоо будлиан, зөрчилтэй байгаа нь нийгэмд ил боллоо.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын ярилцлагаар МАХН-ын дотоод асуудал өнгөц боловч илчлэгдлээ. Албан бланк дээр хүчээр гарын үсэг зуруулсан ЭМС-ын экс сайд Г.Шийлэгдамбын хэлснийг Шадар сайд Ц.Оюунбаатар эрс үгүйсгэж, “Би гарын үсэг зуруулаагүй” хэмээн мэлзэв. Хэн нь үнэн, хэн нь худал хэлснийг тэртээ тэргүй цаг хугацаа харуулдаг, хамгийн гол нь энэ хоёр эрхэм намын дарга Н.Энхбаярынхаа өгсөн даалгаврыг  биелүүлсээр нь  өнөөдрийн чин үнэн  гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

 

АН-ын дарга З.Энхболд ИЗНН, МҮАН-тай сонгуулиар бус цаашдаа ч хамтрах саналыг хүргүүллээ. Санал хүргүүлсэн болон хүлээн авсан талуудаас ажлын хэсэг гарч зөвшилцлийн ширээнд суужээ. Мэдээж санал хүлээж авсан намын удирдлагын шийдэх асуудал биш. Үндэсний хороо, намын их хурлаараа хэлэлцэж шийднэ.  Хэрвээ дээрх улс төрийн хүчнүүд АН-ын саналыг хүлээж авбал  нэр уснаасаа эхлээд өөрчлөгдөх магадлалтай, Иргэний зоригтой, үндэсний ардчилсан нам гэдэг ч юм уу. Намаа татан буулгах эрхмүүд нэгдэх орох улс төрийн хүчнээсээ сийлж үлдэхийг  хүсэх байлгүй.

 

Харин сөрөг хүчин МАН-ын тухайд эрх баригч АН-ынхныг шахаж шаардсан өдрүүд үргэлжилсээр байна. Ялангуяа Засгийн газар руу  довтлох бодлогоо чиглүүлж,  Сар шинээс өмнө тэтгэврийн болон малчны зээлийн хүүг бууруулах, Хүүхдийн мөнгө олгох цаашлаад Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрийг тулган шаардаж байгаа юм.  Сөрөг хүчнийг ирэх сонгуулийн өмнө  МАХН-тай нэгдэх магадлалтай гэж байгаа ч аль аль талдаа тохиролцох бус толхилцох  магадлал өндөр байгаа даг. Тэгээд ч МАХН тээр жил АН-тай урт хугацааны хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийг хүчингүй болсон л гэж сонсогдоогүй. Улс төрийн тохироо бүрдвэл намын дарга нарын ширээнд байгаа уг санамж бичгийг гаргаж ирээд үргэлжлүүлж ч мэдэх, чадах шүү дээ, улстөрчид.

 

Сонгуулийн жилийн энэ өдрүүдэд эдийн засаг бус улстөр л солонгорч байна даа.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gudamjnii jagsagchid, bohchuudeer duursen ih hural
2016-02-03