Оросын цэргийн ажиллагааг буруутгав

“Сирийг хэт даврагчдаас бус Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг хүчтэй эсэргүүцдэг сөрөг хүчний эсрэг Оросын цэргийн ажиллагаа чиглэж байна” хэмээн АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл буруутгалаа. Сирийн хоёр дахь том хот Алеппо хотын баруун хэсэгт сөрөг хүчний дэмжигчид амьдардаг бөгөөд хэт даврагчдын хяналтад ороогүй юм. Тэгвэл Оросын сөнөөгч онгоцнууд өчигдөр 17.00 цагийн орчимд уг бүсэд агаараас цохилт өгчээ. Одоогоор амиа алдагсдын тоо тодорхойгүй байгаа ч олон зуун хүүхэд бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Цэргийн ажиллагааны үеэр сөрөг хүчний дэмжигчдийн амьдардаг орон сууцны барилга нурсан гэнэ. Сирийн хүний эрхийн байгууллагууд хамтран “Орос иргэний эрх ноцтой зөрчиж байна” хэмээн НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ. Өнгөрсөн сард Оросын цэргийн ажиллагааны үеэр 100 гаруй энгийн иргэн хохирсон юм. Орос уг мэдээллийг эрс үгүйсгэж “Бид энгийн иргэд бус хэт даврагчдыг хөнөөсөн” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ