Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл төслийг хэлэлцэхийг дэмжив
2016-02-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

 

Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх  юм.  Үзэл баримтлалд, эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн , байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд тодорхой  зорилтуудыг дэвшүүлж байгаа ажээ. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэн  батлав.

 

Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унасан байна. Түүнчлэн шүүхээс 1151 хүүхэд ял, шийтгэл сонсч, 10.100 хүүхэд аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ.

 

Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаж байдаг ч гэлээ хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж хууль санаачлагчид үзсэн байна.

 

Чуулганы хуралдаанаар дөнгөж сая Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараагаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хороо уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин