Сирид гал зогсох уу
2016-02-12

Сирид гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулж чаджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Германы Мюнхен хотноо АНУ, ОХУ, Герман, Австрали, Иран, Саудын Арабын удирдлагууд чуулж, Сирийн асуудлаар хуралдсан билээ. Хоёр хоног үргэлжилсэн уг уулзалтын үр дүнд удирдагчид Сирид гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулж чадсан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ.

 

Керри “Эхний ээлжинд Сирид гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадлаа. Чимээгүй өдрийг тохиолдуулан НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд сиричүүдэд тусламж нийлүүлэх болно. Энэ асуудалд АНУ гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Олон улс “Сирид ирэх долоо хоногт гал зогсох болно” хэмээн найдаж байгаа ч Сирийн Засгийн газар сөрөг хүчний босогчдыг хүлээн зөвшөөрч, хэлэлцээрийн ширээний ард суусны дараа Сирид чимээгүй өдөр тохиох болно. Бид урьдчилан байдлаар Сирид хүчин төгөлдөр хэрэгжих боломжтой гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих эсэх Сирийн эрх баригчдын гарт байна” хэмээн мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. АНУ, Оросын тусламжтай Сирийн Ракка хотноо хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр болсон байна.

 

“Оросын байлдааны онгоцууд Ракка хотноо агаараас цохилт өгч байгаа. Орос галаа зогсоож, хэт даврагчдын хөдөлгөөнийг хязгаарласан цагт АНУ-ын тусламж Ракка хотноо нэвтрэх болно” хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба уламжлав. “Гал зогсох, хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх асуудалд АНУ, ОХУ-тай хамтран ажиллах болно. Сири улсын төрийн тогтвортой байдал бий болгохын тулд АНУ, ОХУ-тай гар барихад бэлэн” хэмээн Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгджээ. Лавров “Хүмүүнлэгийн цуваа иргэдэд хүргэх, зорьсон газраа очих асуудал бид анхааран ажиллах болно” гэсэн байна. Энэ оны эхээр НҮБ, “Сирийн 40 мянган иргэн өлсгөлөнд нэрвэгдсэн. Нэн даруй тусламж хэрэгтэй” гэжээ.

 

НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч “Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний уулзалт амжилттай болвол ирэх сарын 1-нээс эхлэн Сирид гал зогсож, чимээгүй өдөр тохиох болно” гэсэн байна.  Германы Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер “Сирийн асуудлаарх уулзалтад оролцсон гүрнүүд маргаашнаас эхлэн Сирид хүмүүнлэгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Тусламжийн цувааны аюулгүй байдалд АНУ, ОХУ анхаарлаа хандуулах болно. Сайд мөн “Ирэх долоо хоногийн эхээр Сирийн асуудал, байлдааны ажиллагааны асуудлаар АНУ, ОХУ-ын төлөөлөгчид энэ асуудлаар хэлэлцээр хийхээр тохиролцсон” гэж мэдэгджээ.

 

Мюнхен хотноо болсон уулзалтын үеэр барууны орнууд Оросын цэргийн ажиллагаа буруутгаж, нэн даруй Халеб хот дахь цохилтоо зогсоохыг шаарджээ.  Халеб хотноо хэт даврагчид болон босогчид бус Сирийн сөрөг хүчний дэмжигчид олноороо амьдардаг хэмээн Германы талаас мэдэгдсэн байна.

 

Олон улс, Оросыг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаа ч Лавров энэ асуудалд “Орос, Сирийн Засгийн газрын хүсэлт болон тагнуулын мэдээллээс үндэслэн цэргийн ажиллагаа явуулж байгаа” хэмээн хариу мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-наас эхлэн Орос, Сирид агаараас цохилт өгч эхэлсэн. Энэ хугацаанд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн нийт байгууламжийн 40 хувийг устгасан юм.

 

2011 оны дөрөвдүгээр сараас хойш Сири улсад ганц ч удаа чимээгүй өдөр тохиогүй бөгөөд энэ хугацаанд 250 мянган хүн амиа алдаж, 4.3 сая иргэн дүрвэжээ. “Дүрвэгсдийн тоо энэ оны тавдугаар сард таван сая хүрнэ” хэмээн НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс дамжуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин