Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2016-02-13

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Урт булаг гэдэг газраас энэ сарын 10-нд иргэн Э /28 настай, эрэгтэй/ автомашинаа орхиод цахилгааны шугамаа засварлахаар явган яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 2016.02.10-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Сураггүй болсон иргэнийг 2016.02.11-ний өдрийн 11:50 цагт тус сумын Хилэнцэгийн ам гэдэг газраас эсэн мэнд олжээ. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Лүн гэдэг газар /аймгийн төвөөс 140 км-т/ иргэн Б, Л нар нь 19-59 ГАҮ улсын дугаартай “Стевер” загварын ачааны автомашинтай замын зорчих хэсгийн хажуу руу гулгаж орсон, шатахуун дууссан дуудлага 2016.02.11-ний 07:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 59 дүгээр ангийн 7 алба хаагч ажиллаж автомашиныг, бараа материалын хамт татан гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин