Ким Чен Ирийн ойг тэмдэглэж байна
2016-02-16

Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир мэндэлсний 74 жилийн ойн баярыг тус улсын иргэд тэмдэглэж байна. Ким Чен Ирийн хүү Ким Чен Ун 2011 онд Засгийн эрхийг авсныхаа дараа энэ өдрийг үндэсний баярын өдөр болгон зарлаж, улс даяар амралтын өдөр болгосон юм.

 

“Пхеньян хотноо өнөөдөр 2000 орчим уран сайханч оролцсон урлагийн үзүүлбэр болно” хэмээн “KCNA” агентлаг уламжлав. Пхеньян хотын төв галлерейд өчигдөр удирдагчийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Уг галлерейд тавигдсан 1200 орчим зургийг харандаа болон тосон будгаар зуржээ. Ким Чен Ун өчигдөр уг үзэсгэлэнг үзэж, сонирхсон байна.

 

Ким Чен Ирийн мэндэлсэн цаг буюу өглөөний 7.00 цагт Ким Чен Ун “KCNA” агентлагаар дамжуулан “Бидний хүсэл тэмүүллийг хэн ч мохоож чадахгүй. Бид тун удахгүй дэлхийг өөрчлөх болно. Хамгийн гол нь бид хүчтэй, эвтэй байх ёстой” гэж хэлсэн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр өчигдөр олон улсад хандан тун удахгүй дараагийн хиймэл дагуул хөөргөхөө мэдэгдсэн билээ.  Пхеньян энэ сарын 8-нд сансарт хиймэл дагуул хөөргөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин