Вирусийн гаралтай ханиад томууны дэгдэлт их байна
2016-02-17

Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхэд багачуудын дунд ханиад их хэмжээгээр дэлгэрч, дүүргийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Бодит байдал ямар байгааг тандахаар Баянгол дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн төвийн II тасаг, “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийг зорилоо. БГД-ийн зургаан хорооны 5000 гаруй хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж ажилладаг эл эмнэлэг гурван тасаг, 40 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Эмнэлгийн төв хаалгаар орвол хөл хөдөлгөөнд дарагдсан хүлээн авах тасаг угтав. Ачаалал их байгаа нь хүлээлгийн сандал дээр эхнэр хүүхдээ хүлээн суух аавуудын дүр зургаас харагдана. Хэвтэн эмчлүүлэх тасагт орох зөвшөөрөл хүсэн жижүүрийн сувилагчаас асуувал “Тасгийн эрхлэгчээс зөвшөөрөл авах хэрэгтэй” хэмээгээд хоёр давхар руу гараад явчихав. Зөвшөөрөл хүлээх зуураа хүлээн авах тасагт хэсэг саатаж эцэг эхчүүдтэй ярилцлаа.

 

Дүүргийн XVIII хорооны иргэн Д.Солонгын дөрвөн настай хүү, хоёр настай охин нь ханиад хүрч, хатгаа болж хүндэрсний улмаас уржигдар шөнө хүргэгдэн иржээ. Хүү сар шинийн өмнөөс ханиалгаж эхлэхэд ээж нь дур мэдэн гэрээр эмчилгээ хийсэн гэнэ. Гэсэн ч ханиалга хүндэрч шинийн 2-нд дүүргийнхээ эмнэлэгт хандаж “оргүй” гэх шалтгаанаар гэрээр эмчилгээ бичүүлжээ. Баярын өдрүүдэд хүүгийн ханиад хатгаа болон хүндэрч, “Эмүүжин” эмнэлэгт ирээд байгаа нь энэ аж.

 

Хүүгийн ээж “Эмчийн бичиж өгсөн эмийг зааврын дагуу ууж байсан ч баярын өдрүүдэд гэрт их хүн ирж, хөл хөдөлгөөнд дарагдаад ханиад нь улам хүндэрчихсэн. Улмаар өндөр халуурч эхэлсэн болохоор эмнэлэгт дахин хандсан” хэмээв.

 

Ээжийнхээ энгэрт наалдаж, сулбайж ядарсан есөн сартай хүүг эмч үзэж байв. Хүү ханиалгаад нэлээд удсан бололтой хоолой нь сөөнгөтөн, бөгшүүлнэ. Цээжийг нь чагнаж, хоолойг нь үзсэн эмч “Хэвтэх ор байхгүй” гэх тайлбартайгаар гэрээр эмчилгээ бичиж өгөөд ээж хүү хоёрыг буцаав. Араас нь бөгшүүлсэн, мөн л өвчиндөө ядарч цонхийсон, ой таван сартай хүүг ээж нь үзүүлэв. Хүүгийн ээж “Битүүний өдрөөс эхэлж ханиалгаж, гэрээр антибиотик хэрэглэсэн” гэдгээ эмчид учирлах аж.

 

Энэ үед хэвтэн эмчлүүлэх тасгаар орж сурвалжлах хүсэлтийг минь тасгийн эрхлэгч, хүний их эмч Г.Цэен зөвшөөрч бид ч тасгийн хаалгыг татан оров. Тус эмнэлэг 40 ортой ч  61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Уржигдар шөнө эмнэлгийн хүлээн авах тасагт 43 хүүхэд хандсан ч хоолой бөглөрсөн, үрэвсэлтэй, үе үе өндөр халуурч байгаа зайлшгүй эмчийн хяналтад байх шаардлагатай гэж үзсэн 20 хүүхдийг хүлээн авч, үлдсэн 23-ыг нь буцаажээ.

 

“Эмүүжин” эмнэлэг хүлээн авах, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх гэсэн гурван тасагтай. Хэдийгээр хэвтэн эмчлүүлэх тасаг гурав, дөрөвдүгээр давхарт байрладаг ч ор хүрэлцэхгүйн улмаас хоёрдугаар давхрын үүдний хэсэгт дөрвөн ор эгнүүлэн тавьжээ. Үүнээс гадна үүдний хүлээлгийн сандал дээр хүүхдээ хэвтүүлж, суугаагаараа хонож байгаа ээж ч байв. Хүлээлгийн сандал дээр “төвхнөсөн” ээж, охин хоёр уржигдар шөнө иржээ. “Ор гарахыг хүлээж байна. Хүүхдээ л эмчлүүлж байвал хаана ч хэвтсэн яахав” гэж таван настай охины ээж ярив. Нэг гартаа уян зүү тавиулж, бинтээр гараа боолгосон ч биеийн зовиур нь жаахан дээрдэв үү, үгүй юу охин эмнэлгийн цонхоор хараачилж, шатан дээр тоглож ээждээ загнуулна.

 

 

Вирусийн эсрэг эм бэлдмэлийн нөөц сарын өмнө дууссан

 

Очсон цагаасаа тасгийн эрхлэгч эмч Г.Цэентэй тухалж ярилцах боломж гарсангүй. Өглөөний үзлэгээ дуусгасан хойно нь цөөн хором ярилцав.

 

-Ханиад томууны дэгдэлт их байх шиг байна?

-Вирусийн гаралтай ханиад томууны дэгдэлт их байна. Энэ ханиад ханиалгах, өндөр халуурах, цээж шуугих зэрэг шинж тэмдгээр илэрч, антибиотик төдий л сайн нөлөөлөхгүй байна. Харин вирусийн эсрэг, халуун бууруулах эм сайн үр дүн үзүүлж байна. Ханиад нь хатгаа, уушгины үрэвсэл болоод ирсэн цөөнгүй хүүхэд байна. Вирусийн гаралтай ханиад хүрсэн хүүхэд 40 хүртэл халуурч, эцэг, эхчүүд тэр бүр гэрээр эмчилж чадахгүйгээс ханиад нь хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болж байна. Тиймээс манайх гэлтгүй бусад дүүргийн эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй байна.

 

-Дэгдэлт их байгаа шалтгаан нь юу юм бол?

-Вирусийн гаралтай ханиадны дэгдэлт ихэссэн нь агаарын бохирдол, ханиадны олон төрлийн вирус тархаж, өөрчлөгдөж байгаатай холбоотой. Мөн H1N1 вирусын бүтэц өөрчлөгдсөн байж болзошгүй. Энэ ханиадны суурь эмчилгээ нь утлага. Гэхдээ хүүхдэд хор болох аюултай учир эл утлагыг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй. Ингээд утлага, хордлого тайлах эмчилгээ хийлгэж, халуунаа хурдан буулгачихвал эмнэлэгт ингэж бөөгнөрөх шаардлага байхгүй л дээ. Өрхийн эмнэлэг дээр утлага эмчилгээ хийгддэг.

 

-Вирусын эсрэг эм бэлдмэлийн хүрэлцээ хэр байна?

-Манай эмнэлгийн вирусийн эсрэг эм бэлдмэлийн нөөц сарын өмнө дууссан. Зөвхөн манайд ч биш улсын хэмжээнд хомсдолтой байгаа. Тиймээс хэрэгцээт эм тариа дууссан учир “виферон” гэх нэг төрлийн вирусын эмийг орлуулан хэрэглэж байна.

 

-Эмнэлгийн ор хүрэлцээ муутай байна. Нэг хүүхэд хэд хоног хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Өөр өөр вирусээр үүсгэгдсэн ханиадтай хүүхдүүд нэг дор хэвтэн эмчлүүлж байгаа учраас эдгэрч байгаа хүүхдүүд дахин өөр ханиадны вирусээр өвчилж, 14 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх ч тохиолдол байна. Ер нь, эмнэлэгт удаан хэвтэх нь дахин шинэ төрлийн өвчин авах магадлалтай. Ханиадны хурц үеэ дараад эмнэлгээс даруй гарахгүй бол дахин дахин хүрнэ. Гэвч манайхан олон хоног хэвтэж байж сайн эдгэрдэг гэсэн буруу ойлголттой юм. Гол нь хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эмнэлгээс гарсны дараа гам сайн барих хэрэгтэй. Хурц үнэртэй зүйл үнэртүүлж, дааруулж, тоос шороотой нөхцөлд хүүхдээ удаан байлгаж болохгүй. Эмнэлгээс гарсан хүүхдээ цэцэрлэгт нь явуулах шаардлагагүй. Цэцэрлэгээсээ дахиад ханиад авсан хүүхдүүд эргээд ирж байна.

 

Г.Цэен эмч “Эмнэлгийн орны ачаалал ихэссэнтэй холбоотойгоор эмч, сувилагчдын нэг хүнд ногдох өвчтний тоо нэмэгдсэн. Хүүхдийн эмч, сувилагчдаа ид ачаалалтай үед төрөөс дэмжиж анхаарах хэрэгтэй байгаа юм. Бидэнд нэмэгдэл гээд авдаг зүйл байдаггүй. Хоёр, гурван хоног нойргүй яваа сувилагч ч байна” хэмээн салбарынхаа сайдад үг дайсан.

 

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний нэгдүгээр сарын мэдээгээр улсын хэмжээнд 6275 эх амаржиж, 6304 хүүхэд мэндэлсэн байна. Нэг сарын дотор Монгол Улсын хүн амын тоо зургаан мянгаар нэмэгджээ. Энэ хэрээр эх, хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yana da
2020-02-12