Кендрик Ламар: Ухрах гэдэг миний үгийн санд байдаггүй
2016-02-17

58 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос хип хоп төрөлд таван шагналын эзэн болсон реппер Кендрик Ламар өчигдөр “ABS телевизэд ярилцлага өгчээ.

 

 

-Энэ үдэш таван шагналын эзэн болсонд баяр хүргье. Грэммийн эзэн болно хэмээн хүлээж байсан уу?

 

-Грэммийн улаан хивсээр алхаж байхдаа “Өнөөдөр миний үдэш байх болно” хэмээн өөртөө хэлсэн. Тиймээ, өнөөдөр миний үдэш байлаа. Грэммийн таван цомыг гартаа барих боломж олгосон бүх хүнд талархаж байна. Хэдий би муу залуу ч хүний ачийг хэзээ ч мартахгүй. Өнөөдрийн Ламарыг бүтээхэд бүхэл бүтэн арми ажилласан. Та бүхний хүчээр би олон шагналын эзэн боллоо. Баярлалаа.

 

-Та урлагт их хожуу ирсэн. Өнгөрсөн оноос л таны нэрийг мэдэх хүний тоо эрс нэмэгдсэн гэхэд болно. Харин өнөөдөр таны нэрийг дэлхий нийтээрээ мэдэх боллоо?

 

-Шилдгүүдтэй өрсөлдөж ялалт байгуулна гэдэг гайхалтай хэрэг. Миний дэргэд Кейни Уэст сууж байсан. Би өсвөр насны хүү байхаасаа Кейнигийн дууг сонсч явсан. Гэтэл дууг нь сонсч явсан нэгэнтэй өрсөлдөж, ялалт байгуулна гэдэг гайхалтай биз дээ.

 

-Та дуучин Тэйлор Свифтийн сүүлд гаргасан “Bad blood дуунд хамтарсан. Энэ үдэш Тэйлор хүртэл гурван Грэммийн эзэн боллоо?

 

-Тэйлор гэнэт л над руу залгаад “Чамтай хамтрахыг хүсч байна” гэж хэлсэн. Их гайхсан ч би юу ч бодолгүйгээр шууд л зөвшөөрсөн. “Bad blood” дуу Грэммийн эзэн болсонд таатай байна.

 

 

-Грэммийн эзэн болсноор танд ирэх үүрэг хариуцлага нэмэгдэж байна?

 

-Тиймээ, мэдэж байна. Гэхдээ би Грэммийн эзэн боллоо гэх шалтгаанаар гадаад төрхөө өөрчилж, эрдэмтэн шиг ярихгүй. Би өнөөдөр ямар байна тэрэн шигээ байх болно. Би дуугаа бичиж, хамт олныхоо хүчээр гайхалтай уран бүтээл гаргахын төлөө ажиллах болно. Зогсолтод ороод байсан урам зоригийг минь энэ үдэш хөглөсөн бүх хүнд баярлалаа. Хамгийн сүүлд хэзээ баярласнаа сайн мэдэхгүй байна. 10 жилийн дараа хэн нэгэн хэзээ баярласан вэ гэвэл өнөөдрийг хэлэх болно.

 

-Та дуундаа өнгөрсөн амьдралынхаа тухай ихэвчлэн өгүүлдэг?

 

-Тийм ч олон хүнд тохиож байгаагүй амьдралтай би бага насандаа учирсан. Яг л ном шиг адал явдалтай. Хуудас бүр өөр өөр түүхтэй. Хэзээ ч давтагдашгүй.

 

-Саяхан “NBS телевизийн хөтлөгч Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан. Энэ үеэр хөтлөгч хэд хэдэн репперийн зургийг үзүүлээд “Хэний дууг сонсох дуртай вэ” хэмээн асуухад Обама таныг зургийг заасан. Таныг мөн “Тун гайхалтай уран бүтээлч. Би түүний нүдэнд хүчтэй дүрэлзэж буй галыг харж байна” гэж хэлсэн?

 

-Тиймээ, энэ гайхалтай эрхэм миний нэрийг мэдэж, уран бүтээлүүдийг сонссон гэхэд их баярласан.

 

-Та шинэ од. Өнгөрсөн үедээ өнөөдрийн амжилтаа зөгнөж байв уу?

 

-Галзуу хүн шиг хөдөлмөрлөсөн. Өнөөдрийн амжилтын эзэн болохын тулд хэдэн цаг хөдөлмөрлөснөө ч мэдэхгүй байна. Хөдөлмөрлөөд л, хөдөлмөрлөөд л байсан. “Чи тун удахгүй амжилтын эзэн болно” хэмээн өөртөө байнга хэлдэг байлаа. Би дотоод хүнтэйгээ сайн нөхөрлөж чадсан учир амжилт гаргалаа. Тиймээ, надад суралцах зүйл их байна. Би хэзээ ч зогсохгүй гэдгээ хэлье.

 

-Та Грэммийн үдэш тодоос тод гэрэлтсэн. Энэ гэрэл хэзээ ч бүү бөхөөсэй хэмээн хүсч байна?

 

-Би өнөөдөр гэрэлтсэн шигээ гэрэлтсээр байх болно. Миний үгийн санд ухрах, зогсох гэх үгс байдаггүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин