Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлав
2016-02-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

 

Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай”хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлаар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг тухайн үеийн ХХААХҮЯ-наас “Биокомбинат” ТӨҮГ-ын шинэчлэлийн төслийг хоёр үе шаттайгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн боловч шалгарсан компани нь заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон аж. Иймээс Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт, санал гарсангүй. Тиймээс уг “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай”хэлэлцээрийг байнгын хорооны дүгнэлтээр  батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

 

Дараагаар нь  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сайнгийн сайд  Б.Болор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна.

 

Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс байнгын хорооны саналаар уг зээлийн хэлэлцээрийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 88.9 хувийн саналаар зээлийн хэлэлцээрийг баталлаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин