Эмэгтэй тамирчид 2 алт, 2 хүрэл медаль хүртлээ

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод зохиогдож байна. Тус тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ийн жинд манай улсын ОУХМ Д.Отгонцэцэг барилдсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Жуен Имийг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд Японы бөх Момока Кодояг 6:5 харьцаагаар ялжээ. Улмаар алтан медалийн төлөө Энэтхэг улсын бөх Приянкатай өрсөлдөж 2:2 онооны харьцаагаар хожжээ. Д.Отгонцэцэг ийнхүү Азийн тивийн болов.
Мөн Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг –д О.Бурмаа зодоглосон. Тэрбээр Узбекстан, Казахстаны бөхчүүдийг цэвэр ялж, финалд Японы Рио Абег 2:0-оор хожин Азийн аварга болжээ.
Харин тэмцээний 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуанг Даотай барилдаж цэвэр ялсан байна. Харин 69 кг-ын жинд спортын мастер З.Болортунгалаг хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Чаерин Парктой өрсөлдөж мөн цэвэр ялалт байгуулжээ.
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-ийн жинд Э.Гантуяа хүч үзнэ. Мөн эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ