Эрэгтэй баг мөнгөн цом хүртэж, эмэгтэй бөхчүүд V байр эзлэв
2016-02-22

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо болж өчигдөр өндөрлөв.

 

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингийн барилдаан боллоо. 61 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга, 70 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нар хүрэл медаль, 86 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн мөнгөн медаль хүртлээ. Мөн 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо хүрэл медалийн тавцанд зогссон юм. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 65 кг-д Б.Батмагнай нар хүрэл медаль хүртсэн. Мөн 74 кг-ын жинд Д.Гомбодорж шагналт тавдугаар байр эзэлж, 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга хүрэл медаль зүүгээд байсан юм.

 

Ингэснээр өнгөрсөн жил IV байр эзэлж байсан Монгол Улсын баг энэ удаа 63 оноотойгоор аман хүзүүдэж, мөнгөн цом хүртэв. Ираны баг манай багаас 10 онооны илүүгээр нэгдүгээр байрт шалгарчээ.



Харин эмэгтэй баг тамирчид дасгалжуулагч Б.Батбаяр, Т.Сүхбаатар нарын удирдлагад ААШТ-д хүч үзэж  хоёр алт, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байр эзэллээ. 75 кг-д О.Бурмаа, 55 кг-д Д.Отгонцэцэг аваргалж, нэг тэмцээнээс хоёр аварга төрсөн Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны тохиолдол болов.

 

Тэмцээний 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн тавцанд зогссон юм. Ийнхүү эмэгтэй баг тамирчид 46 оноогоор тавдугаар байрт шалгарлаа. 65 оноотой БНХАУ-ын баг тамирчид тэмцээнийг хошуучилжээ.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин