Украинчууд Засгийн газраа огцрохыг шаарджээ

Украины нийслэл Киев хотноо олон мянган иргэн Засгийн газраа огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалд 5000 хүн нэгдсэн байна. Тэд Тусгаар тогтнолын талбайн төвд зургаан майхан босгож, “Засгийн газрын булхайг илчлэх төв” гэх самбар хаджээ.
Иргэд “Засгийн газраа авлигатай тэмцэж чадахгүй байна” хэмээн буруутгасан аж.
Ерөнхийлөгч Петр Порошенко авлигатай тэмцэж чадахгүй байгаа Ерөнхий сайд Арсений Яценюкийг энэ сарын эхээр огцрохыг шаардсан ч тэрбээр парламентын гишүүдийн санал хураалтаар суудлаа авч үлдсэн юм.
Мөн жагсагчид 2013 оны долоодугаар сард болсон Майданы хувьсгалыг эргэн санаж, 100 гаруй хогийн савыг шатаасан байна. Майданы хувьсгалын үеэр жагсагчид Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь түлхэн унагаасан юм. Уг хувьсгалын дараа Оросын талыг баримтлагчид Донецк, Луганск мужид хяналтаа тогтоосон билээ. Украины зүүн хязгаарт үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 10 мянган хүн амиа алдаж, 1.4 сая иргэн дүрвэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ