Малчид 10 хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ?
2016-02-23

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  малчдын мал аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн “Сайн малчин” хөтөлбөр батлагдсан байна. Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан нараас  тодрууллаа.

 

ХХАА-н сайд Р.Бурмаа:

-Үйлдвэрлэлийн зээлд хамрагдах малчдад ямар шалгуур тавьж байна вэ?

 

-Малчдын мал аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн дэд хөтөлбөр батлагдлаа. Ингэснээр малчид экспортод гаргах боломжтой үйлдвэрлэлийг эрхэлж байгаа гэдэг утгаараа хэрэглээний өндөр хувийн хүүтэй зээлнээс бага хувийн хүүтэй зээл рүү шилжих боломж бүрдлээ. Тарилга, туулга, ариутгалдаа цаг хугацаанд нь малаа хамруулдаг, малаа эрүүл байлгах тал дээр зохих ажлуудаа хийгээд явж байгаа малчин хамрагдана. Мөн тухайн малчин болон гэр бүлийнхнээ нийгмийн эрүүл мэндийн даатгалд  хамруулсан байх шаардлагатай. Энэ гурван шалгуурыг хангасан малчныг үйлдвэрлэгч гэж үзээд 10 хувийн хүүтэй зээлэнд хамрагдах боломжтой.

 

-Энэ зээлийг олгох банкуудад шалгуур тавих уу?

 

-Мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийг дэмжсэн дэд хөтөлбөрийн хүрээнд оролцогч банкуудад шаардлага тавьсан. Оролцогч банкууд хөдөө орон нутагт салбартай, өмнө нь малчдад зээл олгож байсан, өөрсдөө 25 хувиас дээш эх үүсвэрээ гаргаж чадах зэрэг нөхцөлийг хангасан байх ёстой. Ингэснэээр малчдаа үйлдвэрлэгчдийн зээл хамруулж, экспортод зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж байна. Тиймээс мал эрүүл байх ёстой.

 

-“Сайн малчин” хөтөлбөрийн талаар тодруулахгүй юу?

 

-Өнөөдөр нийт малчдын нэг хувь нь “Сайн малчин” цол хүртээд байна. “Сайн малчин” болохын тулд 20-иод шалгуур байдаг. Цаашид  малаа эрүүл байлгах, даатгалд хамруулах, бэлчээр усаа зохистой ашиглах зэрэг бусад үйл ажиллагааг эрхэлж байгаа малчдынхаа хүрээг өргөн болгох зорилготой. Нийт малчид маань Сайн малчны жишгээр ажиллах хэрэгтэй. Төрөөс үүнд ямар дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ. Энэ жишгээр сумын, аймгийн, улсын сайн малчин тодордог. Сайн малчдын жишгийг өргөжүүлэх хүрээнд  дэд хөтөлбөр баталлаа. Үүний нэг нь “Мах” хөтөлбөр өмнө нь батлагдсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл удахгүй хэрэгжиж эхэлнэ. Малчдаа аж ахуй эрхлэхэд нь дэмжсэн зээлийг олгосноор үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулсан бага оврын трактор авах, хашаа хороогоо сайжруулах, туслах зэрэгт зориулсан зээл өгнө. “Сайн малчин” хөтөлбөр хоёр үе шаттай. Малчдыг орон нутагт тохитой тухтай амьдрах, даатгал, тэтгэвэр тэтгэмж,  хүүхдийнх нь  боловсрол олон зохистой бодлого орсон. Гол нь  малчдыг аж ахуй эрхлэгч гэж үзэж бодлогоор дэмжиж байгаа.

 

 

Төрийн банкны ТУЗ-ын дарга Ц.Туваан:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сайн малчин” хөтөлбөр баталлаа. Цагаан сарын өмнө Малчдын зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдсэн. Эхний ээлжинд малчдын зээлийн хүүг 18 болгож, дараагийн ээлжинд 10 хувь руу бууруулж, үйлдвэрлэлийг дэмжсэн хөтөлбөр батлагдсан. Ингэснээр малчдын 30 хувийн зээл 18 хувь болсон. Үүнээс гадна малчид 18 хувиар зээл авч байгаа. Энэ нь хэрэглээний зээл. Хөтөлбөрийн хүрээнд малынхаа үйлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүнээ экспортод чиглүүлж, малынхаа эрүүл мэндийг сайжруулсан, “Малчин” санхүүгийн дансаа ашиглаж гүйлгээ хийдэг шаардлагыг хангаснаар 10 хувийн зээлд хамрагдаж болно.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-23