ИХШХЕГ-ын ажилтан хар тамхины хэрэгт холбогдлоо
2016-02-24

Өчигдөрхөн рестораны гадна зогсоолд автомашиндаа хар тамхи хэрэглэн мансуурч байсан залуусыг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, үйлдлийг таслан зогсоож, баривчилсан тухай мэдээлсэн.

 

Тэгвэл хар тамхины хэрэгт төрийн алба хаагч холбогдсныг, их хэмжээний мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

 

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хар тамхи улсын хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

 

Монгол Улсын иргэн 1988 онд төрсөн эмэгтэй З, 1988 онд төрсөн эрэгтэй А нарыг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатарт ирэх үед нь баривчлан шалгахад ICE буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Үүнийг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй аж.

 

Сэжигтэн З, А нарыг баривчлах үед мансуурсан эсэхийг шалгахад метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй эмэгтэй З гэгч өмнө нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Мөн хэрэгт холбогдсон А нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг төрийн алба хаагч байжээ.

 

Түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан З-ийн хамсаатан 1985 онд төрсөн Г гэх эмэгтэйг шалгаж эхэлжээ. Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэж албаны эх сурвалж мэдээлэв. Уг этгээдүүдийг энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

 

Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан, хэрэглэсэн, хил нэвтрүүлсэн, давуулсан хэрэг жил ирэх тутам нэмэгдэж буйг цагдаа нар хэлдэг. Өнгөрөгч онд цагдаагийн байгууллага энэ төрлийн 60 гаруй гэмт хэргийг илрүүлж, 160 гаруй хүний холбогдуулан шалгасан байдаг. Уг хэрэгт залуус буюу 18-37 насныхан холбогдон шалгагдаж буйг ч мэдээлдэг.

 

Гэтэл 2016 он гараад удаагүй байхад 10 хүн холбогдсон гурван гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхлэв. Тэдний дунд урд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан болон ял шийтгэл эдэлж байсан, одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж буй этгээдүүд байгааг эх сурвалж хэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эрх чөлөөтэй болсон иргэдийн дунд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, ял эдэлж байсан этгээдүүд багтсан юм.

 

Б.Буд                                                    

 

 

 

Shuud.mn
Сонин хачин