Анкарад халдлага үйлдсэн этгээдийг тогтоожээ
2016-02-24

 

Туркийн нийслэл Анкара хотноо энэ амралтын өдөр дараалласан дэлбэрэлт болж, 29 хүн амиа алдаж, 61 хүн бэртсэн билээ. Уг халдлагыг Сирийн иргэн үйлдсэн хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн ч амиа золиослогч этгээдийг ДНК-ийнх нь тусламжтай тус улсын иргэн биш болохыг тогтоосон талаар “www.rosbalt.ru” мэдээллээ.

 

Амиа золиослогч этгээд Туркийн Ван хотын иргэн Абдулбаки Сомер гэгч болохыг тогтоожээ.

 

Туркийн Прокурорын мэдээлснээр “Абдулбаки Сомерын ДНК аавынхтай нь таарсан” гэв.  Абдулбаки Сомер 2005 онд 16 насандаа Курдын ажилчдын намд элссэн байна.

 

Тэрээр автозамын уулзвар дээр зогсч байсан армийн албан хаагчдын автобусны дэргэд өөрийгөө золиослосон юм. Уг дэлбэрэлтээр 20 цэргийн албан хаагч амь үрэгдсэн билээ. 

 

Өмнө нь Туркийн Ерөнхий сайд Ахмед Давутоглу амиа золиослогчийг Сири дэх Курдын хамгаалах хүчний “YPG” гишүүн, Сирийн иргэн Салех Некар гэгч хэмээн мэдэгдэж байсан билээ.  

 

Абдулбаки Сомер гэгч Салех Некар хэмээн нэрээ өөрчилсөн хэмээн мөрдөгчид үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин