Д.Нанзаддорж: Сонсголонгийн гүүрийг Хятадын компани барих ёстой
2016-02-25

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баянзүрхийн 288 у/м гүүр болон Сонсголонгийн гүүрийг Хятадын компаниар 2-4 дахин илүү өртөгөөр бариулах болсон тухай мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.

 

-Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг БНХАУ-ын зээлээр барихаар болжээ. Энэ талаар тодотгохгүй юу?

-2011 онд БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрээр Улаанбаатар хотын гүүрэн гарцуудад зээл олгох тухай хоёр улсын Засгийн газар хоорондын шийдвэр гарсан. Үүнийг УИХ-аар баталсан байдаг. Энэ ажил тодорхой шалтгааны улмаас 2009 оноос хойш үндсэндээ 4-5 жилийн хугацаанд зогссон. Эхний ээлжинд Улаанбаатар хотод давхар гүүр гарц барих ажил яригдаж байсан. Энэ нь хурдны зам, Улаанбаатар хотын төлөвлөлттэй уялдан түр хугацаагаар зогсоогоод байсан юм. Харин зээлийн ерөнхий хэлэлцээрээр 2015 оны долоодугаар сард албан ёсоор баталгаажиж Засгийн газрын шинэчилсэн тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр барих шийдвэр гарсан.

 

-Зээл хэдэн жилийн хугацаатай вэ?

-БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж байгаа 500 сая долларын зээлийн нөхцөл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ бол хоёр улсын хооронд хэлэлцэн тохирсон урт хугацааны зээл юм.

 

-Ажил гүйцэтгэгч нь Хятад компани байх уу?

-Хятадын Засгийн газраас үзүүлж байгаа зээл, тусламж аливаа хөрөнгө заавал хятад гүйцэтгэгчтэй байна гэсэн нөхцөлтэйгээр зээл орж ирдэг. Энэ нөхцөлийн дагуу Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг Хятад компани барих ёстой. Тун удахгүй сонгон шалгаруулалтын ажил нээгдэж, Хятадын ямар компани барих нь тодорхой болно.

 

-Сонгон шалгаруулалт хэзээ эхлэх вэ?

-Хятадын Элчин Сайдын яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард энэ гүүрийн ажилд оролцох компаниудын нэрийг ирүүлээд байна. Одоогоор тендерийн сонгон шалгаруулалт явагдаж байна.

 

-Дотоодын компаниуд 2-3 дахин хямд өртөгөөр барих боломж байхад заавал гадаадаас зээл авах шаардлагагүй гэдэг зүйлийг хэлж байна.

-Тэгэхээр дотоодын үйлдвэрүүд энэ гүүрийн ажлыг маш хямдхан зардлаар богинохон хугацаанд барьж гүйцэтгэнэ гэдэг ташаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл нэгэнт 2011 онд УИХ-аар батлагдчихсан, Засгийн газар шийдвэрээ гаргаад хоёр улсын хооронд зээлийн хэлэлцээр зурагдчихсан. Тэгэхээр энэ бол зөвхөн хоёр гүүрийн асуудал биш Монгол Улсын гол хандивлагч, зээлдүүлэгч орон Хятад улс учраас тохиролцсон зүйлээсээ буцаж болохгүй. Хэрэв тохиролцооноосоо буцсан тохиолдолд ямар асуудал үүсэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

 

-Гүүрийг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна?

-Үндсэндээ сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа хугацаагаа тохирно. Барилгын ажлын гэрээ байгуулагдсанаас хойш 18 сарын хугацаанд баригдаж дуусах гэрээ байгуулагдана.  Өөрөөр хэлбэл дээрх хоёр гүүр 2018 оны зургаадугаар сард багтаан ашиглалтад орох байдлаар гэрээний нөхцөл яригдах болов уу гэсэн урьдчилсан таамаглал байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яагаад Хятад
2016-02-25