Зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

АНУ-ын Сан Диего хотноо ирэх дөрөвдүгээр сард ой тогтоолтын шилдэг 24 тамирчны өрсөлдөөн "Extreme Memory Tournament-2016" болно.
Тус тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт нэг сарын турш онлайнаар явагдаж дүнгээ гаргахад Монголын оюун ухааны академийн зургаан тамирчин тэнцэж, 75.000 долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхтэй болжээ.
Урьдчилсан шатанд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав "Numbers" төрөлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэрбээр 80 цифрийг 18.06 секундэд тогтоон алдаагүй санажээ.
"Extreme Memory Tournament-2016" тэмцээний финалд өрсөлдөх шилдэг 24 тамирчинд багтаж, эх орноо төлөөлөн оролцох Монголын Оюун Ухааны академийн зургаан тамирчныг танилцуулж байна.
1. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2. 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
4. ОУ-ын Мастер Т.Энхжин
5. ОУ-ын Мастер З.Цэцэгзул
6. ОУ-ын Мастер А.Анударь нар оролцох юм.
Дашрамд дуулгахад өнгөрсөн жил манай таван тамирчин тус тэмцээнд өрсөлдөж Т.Энхжин "Images" төрөлд 30 дүрсийг 14 секундэд тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан билээ. Мөн манай тамирчид авсан мөнгөн шагналынхаа хэмжээгээр Германы тамирчдын дараа буюу хоёрдугаарт орж байсан юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ