Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг энэ сарын 23-ны өдөр Итали Улсын Ром хотноо Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын захирал Ирина Хаантай уулзалт хэлэлцээ хийсэн байна.
Энэ үеэр Монгол Улсын Хууль зүйн яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хоорондын “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тус байгууллага дэлхийн улс орнуудад хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжил, эрх зүйн шинэтгэлийг дэмждэг цорын ганц Засгийн газар хоорондын байгууллага юм. Түүнчлэн Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай 30-аад улс орны Засгийн газар гишүүнээр элсэн хамтран ажиллаж байгаа аж.
Монгол Улс нь Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад 2015 оны аравдугаар сарын 5-нд гишүүнээр элсэн орж, хамтын ажиллагааны хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох” болон “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ