Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган Улаанбаатарт болно
2016-02-26

БНСУ-ын АСКо компаниас санаачлан “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганыг ирэх сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

 

Монгол Улсын глобал кибер аюулгүй байдлын индекс 0.412 буюу дэлхийн дундаж хэмжээнд байдаг гэсэн тоо бий. Тиймээс кибер орчин дахь эрсдлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна. Энэ хүрээнд олон улсын болон дотоодын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг хамруулж, орчин үеийн шинэ техник, технологийг танилцуулан, цахим халдлагаас хамгаалах, цаашдын стратегийн бодлогоо тодорхойлох, хамтын харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэн зөвшилцөх зорилгоор “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганыг зохион байгуулах болжээ.

 

Уг чуулганд Монгол Улсын Засгийн газрын агентлагууд, яамд болон банк санхүү, уул уурхай зэрэг салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид оролцох юм байна. Чуулганыг JCI Прогресс салбар байгууллага болон MNCERT (Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв) хамтран зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate Convention Center”-т болох аж.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин