Эрчим хүч өсгөн үржүүлдэг төхөөрөмж бүтээжээ

Монголын эрдэмтэд, инженерүүд хамтран “Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж”-ийг зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийн нээлт өнөөдөр боллоо. Уг төхөөрөмжийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын утааг устгаж, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайн салбарыг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилготой аж. Энэ төхөөрөмж нь 3 кВт эрчим хүч аваад 20 кВт болгон өсгөн үржүүлж, ажиллуулах юм байна. Уг төхөөрөмж нь эрчим хүч өсгөн үржүүлэх төрөлтэй аж. Эрчим хүчнээс эх үүсвэрээ аваад 20 кВт болгон өсгөх, эрчим хүчнээс эх үүсвэрээ аваад бие даан ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчээс эх үүсвэр авч бие даан ажиллуулж гэсэн 3 төрөлтэй гэнэ.
Түүнчлэн энэ төхөөрөмжийг нэвтрүүлснээр нүүрсний хэрэглээг бууруулах ач холбогдолтойг зохион бүтээгчид нь онцолж байна. Эрчим хүчний зардлыг 6 дахин хэмнэнэ гэж зохион бүтээгчид туршиж, тооцон гаргажээ. Тухайлбал, таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарчээ. Харин энэ төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж, жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна. Энэ нь гэр хорооллыг утаагүй, цэвэр агаартай ногоон хотхон болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж буй юм.
Нээлтийн үеэрх уг төслийн багийн ахлагч, “Органик энержи” группын захирал О.Ганболдоос “Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж”-ийн талаар тодруулсан юм.
-Энэ төхөөрөмж нь иргэдэд ямар ашиг тустай бол?
-Энэ төхөөрөмжийг авч тавьсан газрын цахилгааны хэрэглээний үнэ 6 дахин буурна гэсэн үг. Учир нь цахилгааны кВт-ыг энэ төхөөрөмж 6 дахин нэмэгдүүлж байгаа. 1 тонн нүүрснээс гаргадаг дулаанаас энэ эрчим хүч хямд өртөгтэй. Эдийн засгийн үр ашиг сайтай.
-Төхөөрөмжийг яаж ашиглах вэ?
-Өнөөдрийн байдлаар зөвхөн нээлтээ хийж байна. Иргэдэд одоогоор хүрээгүй байна. Энэ төхөөрөмжийг ашиглах менежментийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний дараагаар хэрэглэгчдэд түгээнэ. Өнөөдрийн тухайд шинжлэх ухааны үүднээс нээлтээ хийж байна. 100 кВт геноратр өдөрт 1 сая төгрөгийн шатахуун шаарддаг. Хэрвээ энэ төхөөрөмжийг хэрэглэвэл хамаагүй хямд тусах юм.
-Та бүхэнтэй хамтарч ажиллах санал гаднын орнуудаас ирж байна уу?
-Хятад, Японоос тодорхой санал ирсэн. Гэвч бид тэдний саналыг хүлээж авч хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа орох байх. Ямартай ч олон улсын хэмжээнд патент нь батлагдсаны дараа цаашид хэрхэхийг шийднэ. Хамгийн гол нь Монголд ашигтай тохиолдолд бид саналыг хүлээж авна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ