Нүүрсний зах зээл бөхөх айдас ба Монгол
2016-02-29

Эрчим хүчний нүүрсний эрэлт дэлхий дахинд буурсаар байна. Цаашдаа эрэлт өснө гэдэгт найдлага тун бага байгаа талаар oilprice.com сайтад шинжээчийн дүгнэлт нийтлэгджээ.

 

 

Энэ бол “Голдман Сакс” банк энэ сарын 15-нд хэвлэн гаргасан “Дэлхийн нүүрс, хийн худалдаа, эрэлтийн тайлан”-гаас иш татсан нийтлэл байв. Тиймээс ч энэ нь нүүрсний зах зээлийн үйлдвэрлэгчдийн хувьд бараан мэдээ. Бас орлогыг нь удаан хугацаанд “түгжих” шалтгаан. Харин тайлал нь үүдээ барьсан уурхай болон цахилгаан станцууд, бас хаа сайгүй нүүрлэж буй банкны дампуурал. 

 

Өнгөрсөн оны есдүгээр сард “Голдман Сакс” банкнаас эмхлэн гаргасан зах зээлийн урьдчилсан төлөвт “Эрэлт хангалттай өсөөгүйн улмаас нүүрсний зах зээлд шинэ хөрөнгө оруулагч орж ирэх магадлал маш бага. Үүнээс үүдэн үнийн дарамт үргэлжилж, үнийн уналтын эргүүлэг байсаар байна” хэмээжээ.

 

Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл чимээгүйхэн бөхөж байна. Өнгөрсөн хугацаанд энэ зах зээл ганц тоглогчоос ихээхэн хамаарч ирсэн нь цаад шалтгааныг улам тодотгож байна.  Хятадын өсөлт нэмэгдэх эсэхийг хөрөнгө оруулагч, бизнесмэн, ер нь л энэ салбараас хамааралтай болгон анхааралтай ажиглаж буй. Гэвч 2013 онд оргилдоо хүрсэн Бээжингийн хэрэглээ өнөөдөр ширгэжээ.

 

Хятадын хэрэглээ саарахын хэрээр Энэтхэг тэднийг түлшний зарцуулалтаараа давжээ.

 

2040 он гэхэд Энэтхэгийн нүүрсний шинэ хэрэглээний эрэлт бараг 900 сая тоннд хүрнэ гэсэн магадлал байна. Энэ бол өнгөрсөн хугацаан дахь дэлхий дахины эрэлтээс бараг хоёр дахин давсан үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцээд АНУ, Европын холбоо, Хятад, Япон зэрэг улсуудын эрэлт хамаагүй бага байх нь.

 

Тэгэхээр одоо нүүрсний олборлогчид бүтээгдэхүүнээ Энэтхэгт экспортлох хэрэг гарч байна. Гэвч асуудал юунд байна вэ гэхээр, энэ тохиолдолд Энэтхэг улс дотоодын нүүрсний уурхайнуудаа дэмжих замаар гадны импортыг багасгах бодлого барих нь тодорхой.

 

Үүнээс улбаалаад “Голдман Сакс” банк шатдаг “чулуу”-ны үнийн урьдчилсан төсөөллөө бууруулсан юм. Өдгөө арай чамай нэг тонн нь 70-75 ам.долларт буй энэ үнэ 2018 он гэхэд нэг тонн нь ердөө л 45 ам.доллар байна гэж тус банк тооцжээ. Харин энэ жил 48 “ногоон” хүрнэ гэж тэд бас тэмдэглэжээ. 

 

Гэвч үүнээс ч дор мэдээ бас байна. Юу гэхээр, газрын тос, байгалийн хий зэрэг бүтээгдэхүүний эрэлт өсч, үнэ дахин сэргэх магадлал байна. Харин нүүрсний хувьд найдлага бүр хамгийн бага, бүр маш бага байна. “Голдман Сакс”-ын үзэж буйгаар нүүрсний үнэ урт хугацаандаа нэг тонн нь дөнгөж 42.50 ам.доллар байх нь. “Урт хугацаандаа дулааны нүүрсний үнэ маш бага байна. Учир нь энэ салбарын эрэлт удаан байх тул хөрөнгө оруулагчид халгасан хэвээр байна. Үүнээс үүдэн горьдлого бүдгэрсээр байх нь” хэмээн “Голдман Сакс”-ын тайланд тэмдэглэжээ.

 

Тэгвэл энэ зуур энэ салбарын томоохон тоглогчид болоод экспортлогчдын хүлээлт болоод одоогийн нөхцөл байдлыг сонирхуулъя.

 

 

 

BHP 27 ЖИЛД АНХ УДАА...

 

 

Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг болох ВНР 1988 оноос хойш анх удаа хувь эзэмшлээ багасгажээ. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 гаруй жил өөдлөөгүйгээс үүдэн бий болсон их өр төлбөрөөс шалтгаалсан байна.

 

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар жилийн эхнээс арванхоёрдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд эхний хагас жилийн ашиг нь 92 хувиар буурчээ. 

 

Ингээд Мелбурнд төвтэй тус компани өнгөрсөн хугацаан дахь ногдол ашгийн хэмжээг 62 центээс дөрөвний гурвыг нь бууруулснаар 16 цент болгон хасчээ.

 

Түүнчлэн тус компани Төмрийн хүдрийн салбарын ерөнхийлөгч Жимми Уилсон, Газрын тосны салбарын тэргүүн Тим Катт нарыг халсан байна.

 

 

“Noble” ГРУППИЙН ИХ АЛДАГДАЛ

 

 

Бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч “Noble” группийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал болон 2015 оны нийт алдагдал 1.2 тэрбум ам.долларт хүрснээр өмнө нь байгаагүй уналтыг авчирчээ.

 

Энэ групп бол Азийн бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдаалагч бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийн цаг агаарын мэдээг тэд л хүргэдэг.

 

“Эдийн засгийн уналт, Хятадын нүүрсний хэрэглээний бууралт зэрэг нь ийм нөхцөл байдлыг үүсгэлээ” хэмээн тус групп жил бүр гаргадаг тайландаа дурдсан байлаа. 

 

Нүүрс бол тус группийн хамгийн гол багана болсон бүтээгдэхүүн бөгөөд 2014 онд л гэхэд нийт орлогынх нь 85 хувийг бүрдүүлжээ.

 

Сангапурт төвтэй “Noble” группийн тооцоолж буйгаар 2020 он гэхэд дулаан цахилгааны нүүрс нэг тонн нь 55 ам.долларт хүрэх нь. Энэ бол бусад шинжээчдийн гаргаж буй үнийн төлвөөс 14 хувиар бууралттай үзүүлэлт юм. Харин Дэлхийн банк энэ онд Австралийн дулааны нүүрс нэг тонн нь 58.10 ам.долларт байна хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ.

 

 

ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ ЕСӨН ХУВИАР БУУРЧЭЭ

 

 

Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр хүрэн нүүрс, дулааны болон төмөрлөгийн нүүрсний импорт өнгөрсөн нэгдүгээр сард 9.2 хувиар буурч, жилийн өмнөхөөс 13.7 хувиар багасчээ. “Дулааны нүүрсний импорт буурсан нь дотоодын эрэлттэй холбоотой гэж бид таамаглаж байна” хэмээн ANZ-ийн шинжээч тэмдэглэжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улс 17.6 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятад улс 606 мянган сая тонн нүүрс экспортолсон нь жилийн өмнөхөөс 162 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

ЕВРОПЫН НҮҮРСНИЙ ЭРЭЛТ 13 ЖИЛИЙН ХАМГИЙН БАГА ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

 

 

Байгалийн хий эрчим хүчний дараагийн шинэ үеийг тодорхойлж буй энэ үед Европт дулааны нүүрсний эрэлт сүүлийн 13 жилийн хамгийн бага хэмжээнд хүрснийг “Ройтерс” мэдээлж байна.

 

Ингэхдээ энэ сарын 17-ны байдлаар нэг тонн нүүрсний үнэ 0.25 хувиар буурч 36.40 ам.долларт хүрсэн нь 2003 оны тавдугаар сараас хойшх хамгийн хямд үнэ аж.

 

Амстердам, Ротердам зэрэг тус тивийн нүүрсний гол тээвэрлэгч бүсүүдэд нэг тонн нүүрсний үнэ 42.65 ам.доллар болсон нь жилийн эхнээс 11 хувиар буурсан үзүүлэлт байв.

 

БИД НҮҮРСНИЙ ХАМААРЛААС АНГИЖИРЧ ЧАДАХ УУ?

 

Манай улсын эдийн засаг яг л хар тамхинд донтсон юм шиг уул уурхайн үнээс хамааралтай болчихсон. Энэ хамаарал энэ оны төсөвт хэр багассан бол. Ялангуяа, найдвар тун бага гэгдээд байгаа нүүрсний үнийн уналтыг бид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх ямар боломж байна вэ?

 

Энэ онд нүүрсний салбараас 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвт 271 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Үнийн хувьд өмнөх жилээс 46 хувиар бууруулж дунджаар тонныг 43.8 ам.доллар байхаар тооцсон нь Гашуун Сухайтын EXW3 -аас 12 ам.доллараар өндөр байгаа талаар Нээлттэй нийгэм форум өөрийн тайландаа дурдсан байлаа. Тоо хэмжээний хувьд өмнөх жилээс 2.5 хувиар бууруулан тооцсон ч 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад зургаан сая тонноор буюу 44.4 хувиар өсөхөөр тооцсон байна. Уул уурхайн салбараас 2016 онд 900 тэрбум төгрөг (энэ нь төсвийн 16 хувь), үүний 90 хувийг зэс, алт, нүүрснээс олох бөгөөд 405 тэрбум төгрөг нь  ашигт малтмал ашигласны төлбөр хэлбэрээр оруулахаар төлөвлөжээ. Зэсийн үнэ олигтой өсөх хандлага ч бас л алга.

 

Жил жилийн төсөвт нүүрс бол гэнэтийн бэлэг хэвээрээ байсан. Энэ удаад нөлөөллийг нь багасгах гэж оролдсон ч хангалттай бууруулж чадаагүй гэсэн эдийн засагчдын шүүмжлэл хэвээр үргэлжилж байна. Зэс, алт, нүүрс гэсэн гурван баганын нэг нь тун хүнд байгаа энэ үед тэр 900 тэрбумыг бүгдийг орж ирнэ гэж итгэхэд бэрх л юм.

 

Үнэн хэрэгтээ бид өнгөрсөн хугацаанд нүүрсээ чулуу болгож чадалгүй цаг хугацааг зүгээр л асгачихсан улс шүү дээ. Цаасан дээр дурайсан олон үйлдвэрийн жагсаалт, төслийн нэрсээс өөр гарт баригдах, нүдэнд харагдах зүйл бидэнд үлдсэнгүй. Зөвхөн “Тавантолгой”-гоос “Чалко”-д алдсан олон зуун сая ногоон дэвсгэртүүд энэ салбар Монголд шалбаагнаас дор явсныг харуулж байна.

 

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав “Эдийн засгийн тулгуур нүүрсний салбарын зохицуулалтыг хариуцсан бие даасан бүтэц хэрэгтэй” гэснийг эргэн санахад гэм алга. Магадгүй одоо хөдлөхөд бид оройтчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл цаана чинь гадаадынхан энэ зах зээлд найдахаа хэдийнэ больчихлоо, байгалийн хий суудлыг нь эзлэх хандлага ч цухалзсаар байна. 

 

Зөвхөн 2003 онд манай улс дөнгөж 500 мянган тонн нүүрс экспортолж байсан манай улс энэ жил бүр 19 сая тонныг экспортолно гэсэн төлөвлөгөөтэй байна. 13 жилийн дотор бидний олборлох нүүрс ийм ихээр өссөн хэр нь энэ салбараа эдийн засгийн тэргүүлэх зам мөр болгож чадсангүй. Хоёр хөршийнхөө хараан дор хөдөлж чадахгүй дэд бүтэцтэй, дотооддоо нүүрснээс шингэн түлш гаргана гэсэн хэзээ ч бүтэшгүй мөрөөдлөөс өөр зүйл алга. 

 

Тиймээс одоо нүүрснээс олох мөнгөө ярихаа байя. Угаасаа энэ жил энэ салбараас олигтой мөнгө олдох нь эргэлзээтэй зүйл. Харин дэлхийн зах зээлийн мөчлөг эргэн сэргэх тэр цагаас урьтаж нүүрсээрээ нүүдэл хийе.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nuursnii biznes odoo budaa erthen zarim yalanguya guunii uurhainuudyg haah heregtei
2016-02-29
Зочин:
Unetei bhad ni ahiuhan gargah bsan yum. Manai eh oronchid,populistuudiin gai
2016-02-29