“Эмийн зохистой хэрэглээ” сарын аян эхэллээ
2016-02-29

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар улсын хэмжээнд эмийн зохистой хэрэглээнд нэгдсэн шалгалт хийсний дараа улс орон даяар сарын хугацаатай үргэлжлэх “Эмийн зохистой хэрэглээ” аяныг зохион байгуулахаар болжээ. 

 

Энэхүү аяны хүрээнд Засгийн газраас  2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан  иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхт аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, жор бичилт, эмийг жороор олголтыг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулах юм байна.  Тухайлбал, ШӨХТГ, ХААГ, ЭМСЯ, Эм холбоо ТББ, иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран сэдэвчилсэн нээлттэй хэлэлцүүлэг хийх аж.

 

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж аяны нээлтийн үеэр “Монголд эмийн хэрэглээ зохисгүй хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдээд байна. Дурын хүн ханиад хүрэхээрээ эмийн сан орж, дуртай антибиотикоо авах болсноор өнөөдөр бид эмэнд дасалтай болчихож. МХЕГ-аас өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн санд нэгдсэн шалгалт явуулсан юм. Уг шалгалтад нийт 32 эмийн үйлдвэрийн 83.3, эм ханган нийлүүлэх 252 байгууллагын 90.4, 1688 эмийн сангийн 25-30 хувийг тус тус хяналт шалгалтад хамруулж багагүй зөрчил дутагдлыг илрүүлсэн. Тухайлбал, 27 эмийн үйлдвэрийн зах зээлд нийлүүлсэн давхардсан тоогоор 1176 нэрийн эм биологийн идэвхт бүтээгдэхүүний 71.4 хувь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, 52.2 хувь нь шаардлага хангасан эмийн лабораторигүй, 91 хувь нь үйлдвэрлэсэн эмийн гаж нөлөө, чанар аюулгүй байдлын судалгаа хийлгээгүй байв. МХЕГ-ын улсын байцаагчдын албан шаардлага үүрэг даалгаврын биелэлтээс үзэхэд өнгөрсөн онд эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 76 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, 65 хувь нь эм шинжлэх бүрэн хэмжээний лабораторитой, 70 хувь нь үйлдвэрлэсэн эмийнхээ чанар, аюулгүй байдлын судалгааг хийлгэдэг болсон.

 

Харин улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын явцад  3584 нэр төрлийн импортын эмийн хэрэглэх зааварт дүн шинжилгээ хийхэд 27 хувь нь эмийн хадгалалтын горим зөрчсөн, 57.5 тээвэрлэлтийн хяналт хийгдээгүй, дөрвөн аймагт хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан зэрэг дутагдал илэрчээ.

Түүнчлэн нийслэл,13 аймагт эмийн сан нийт 31 хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан чанарын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байсан, жороор олгодог эмийг жоргүйгээр олгосон, андуурч өөр үйлчилгээтэй эм өгсөн зэрэг ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. Өнгөрсөн онд хийсэн урьдчилан сэргийлэх хяналтаар  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 129, хүчинтэй хугацаа дууссан 192, хаяг шошгоны зөрчилтэй 134, нийт 468 нэрийн эм, бэлдмэлийг илрүүлсэн” гэдгийг онцлон дурдсан юм.

 

2016 он гэхэд МХЕГ-аас дотоодын үйлдвэрийн антибиотик эмийг 100 хувь, импортын эмийг түүврийн аргаар сонгон авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар төлөвлөлөө гэж МХЕГ-ын гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин