МАН, МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Тэртээ 1921 оны гуравдугаар сарын 1-нд МАХН байгуулагдсан энэ өдрийг Эх орончдын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Өнөөдөр мөн ой тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАН, МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид оролцов. Тэд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Өнөөдөр Монголын Улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавьяаг магтан дуулах эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан. Өнөөдөр "Эх орончдын баяр"-ын өдөр угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр "Эх орончдын баярын өдөр" хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа" гэсэн юм.
Соёлын төв өргөөнд "Монголд улс төрийн ууган нам байгуулагдсны 95 жилийн ой-Эх орончдын өдөр"-ийн арга хэмжээ, баярын хурлаар үргэлжилж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ