Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээнэ
2016-03-03

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож энэ сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийжээ.

 

Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов. Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай Сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгджээ. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.

 

Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Бямбасайхан:
Байсгээл нээдэг, байсгээл хаадаг тоглоомтой хүүрнүүд вэ энэ чинь харин, зайл зайл
2016-03-04
Зочин:
Хегжим бужгийн колледжийн зуун талд одоогийн Энэтхэг улсын ЭСЯ байрлаж байгаа тэр байранд ПОЛЬШИЙН ЭСЯ байсан юм. Польшууд наймааны гуйх ухаан сайтай, тоолдогтоо харамч хумуус байдагдаа. ЭСЯ-ны газрын турээс телбереес болсон уу яасан, нэг л мэдэхэд ЭСЯ-аа Хятад дахь ЭСЯ-даа харьяалуулж орхисон!
2016-03-04