БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад орлоо
2016-03-04

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Батлан хамгаалах их сургуулийн Спорт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Тус цогцолбор нь сагсан бөмбөгийн стандарт бүхий талбайтай,  бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим,  багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрджээ.

 

Энэхүү спорт цогцолбор  бол оюутан, сонсогчдын спортын амжилтын буухианы эх суурь болоод зогсохгүй ирээдүйн офицер, ахлагч нарын бие бялдарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт. Цэргийн  алба хаагчид байнгын бэлтгэл сургуулилтаа хангаж, бие бялдарын өв тэгш офицер, ахлагчийг бэлтгэн гаргахад энэ спорт цогцолбор чухал үүрэгтэйг багш, сурган хүмүүжүүлэгчид ярьж байсан. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БХИС-ийн Спорт цогцолбор нь "Буянт-Ухаа" цогцолборын дараа орох хэмжээний том спорт цогцолбор болсныг онцлов.

 

Батлан хамгаалах их сургуулийн Спорт цогцолборын барилгын ажил улсын төсвийн 6 тэрбум 213 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013 оны тавдугаар сараас баригдаж эхэлсэн байна. Барилгын гүйцэтгэгчээр “Жана наран” компани ажиллажээ.  

 

Спорт цогцолборын нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд болоод спорт холбоо, дүүргийн удирдлагууд оролцов.

 

Дашрамд дуулгахад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр удахгүй ашиглалтад орох аж.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин