“Хурд” хамтлаг шинэ цомгоо танилцууллаа
2016-03-04

Гэрэл зургийг MPA.MN

 

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтыг үзэгчдэд толилуулахаар тов зарлаад буй. Тоглолтын талаархи мэдээлэл болон “Нарлаг диваажин” шинэ цомгоо танилцуулахаар хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсаар ирсэн. Тус тоглолтоо энэ сарын 8-нд дахин тоглохоор болжээ. Тоглолт өнгөрсөн жил “Ub palace”-д болсон. Харин энэ удаад “АСА цирк”-т 15.00 цагт тоглогдох нь ээ. Эл тоглолтын дараа буюу 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт тоглох аж. Тус тоглолт  600 үзэгчид зориулан вип хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.

 

Хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Үзэгчид биднийг их хүлээсэн, санасан бололтой. Тиймээс ч бүгдийг нь гомдоохгүйн тулд хоёр тоглолт хийх гэж байна. Бид хоёр анх ганцхан чемодантай оюутны дотуур байранд, хоёр зуугийн цагаан орон дээр унтдаг байхдаа “Чимээгүй ирэх дурлал” дууг сонсоод л ирээдүйн амьдралаа төсөөлдөг байлаа гэх мэтчилэн олон дурсгалтай зүйлийг сонсогчид маань ярьдаг. Тэгэхээр энэ мэтчилэн олон сайхан дурсамж өгүүлэх хуучны дуунууд болон шинэ цомогт багтсан уран бүтээлээ бид дуулна” хэмээв.

 

“Гэгээн гуниг”, “Нандин хайр”, “Бид чоно”, “Монгол” зэрэг 18 дуутай “Нарлаг диваажин” хэмээх хос цомгоо энэ сарын 8-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргах аж. Тус цомогт багтсан ихэнхи дууны аяыг хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиожээ. Тэрбээр дууны шүлгэн дээр ихэд анхаарч Урьхан, Ганхүлэг зэрэг залуу яруу найрагчийн шүлгээс бүтсэн олон уран бүтээлийг цомогт багтаасан  талаар хэллээ.

 

Цомог 15 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин