”Монголын Ланд Круйзер”-хан аврах ажиллагаанд оролцож байна

Нийслэл, орон нутгийн хэмжээнд цасан шуурга шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Энэ үед онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цасан саатсан, шуурган төөрсөн иргэдийг аврах, эрэн хайх ажиллагааг бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм.
Тэгвэл "Монголын Ланд Круйзер" клубын залуус онцгой байдлын албаныхантай хүч хавсран, сайн дураараа аврах ажиллагаанд оролцож байна. Тэдний нэгдүгээр ээлжийн машинууд Сонгино, Биогийн чиглэлд аврах ажиллагаанд оролцож байгаа аж. Харин хоёрдугаар ээлжийн машинууд бэлэн байдалд дуудлага хүлээж, гуравдугаар ээлжийнхэн оройн цагаар ажиллах гэнэ.
"Монголын Ланд Круйзер" клубынхан өнөөдөр өглөө өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан "Онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдал хүндэрвэл сайн дураараа үнэ төлбөргүй туслах. Богино долгионы холбоогоор хангагдсан иж бүрэн тоногтой Ландкруйзер машинаар туршлагатай залуус Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, машиныг аврах ажиллагаанд оролцох, зохион байгуулахад бэлэн байна" гэдгээ мэдэгдэж байсан юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ