Д.Отгонбаяр: Би дахиад 40 жил гитар тоглоно
2016-03-07

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хоёр тоглолтыг үзэгчдэд толилуулахаар тов зарлаад буй. Үүнтэй холбогдуулан хамтлагийн гитарчин, МУГЖ  Д.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Тоглолтын сураг сонсоод баярлаж байгаа хүн олон байна.

 

-Үнэхээр биднийг их хүлээсэн, санасан бололтой. Тиймээс ч бүгдийг нь гомдоохгүйн тулд хоёр тоглолт хийх гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсаар ирсэн. Тус тоглолтоо маргааш дахин тоглоно. Тоглолт өнгөрсөн жил “Ub palace”-д болсон. Харин энэ удаад “АСА цирк”-т 15.00 цагт болно. Үүний дараа 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт үргэлжлүүлэн тоглоно. Эхнийх нь албан ёсны тоглолт бол оройны тоглолт илүү чөлөөтэй шоу маягтай болох юм. Өөрөөр хэлбэл 600 үзэгчид зориулан вип хэлбэрээр зохион байгуулагдана.

 

-Хуучны олон сайхан дуугаа дуулна биз?

 

-Манай хамтлагийн олон дуу хосуудын сэтгэл зүрхэнд дурсамж болж үлдсэнд маш их баярладаг. Бид хоёр анх ганцхан чемодантай оюутны дотуур байранд, хоёр зуугийн цагаан орон дээр унтдаг байхдаа “Чимээгүй ирэх дурлал” дууг сонсоод л ирээдүйн амьдралаа төсөөлдөг байлаа гэх мэтчилэн олон дурсгалтай зүйлийг сонсогчид маань ярьдаг юм. Тэгэхээр энэ мэтчилэн сайхан дурсамж өгүүлэх хуучны дуунууд болон шинэ цомогт багтсан уран бүтээлээ бид дуулна.

 

-“Нарлаг диваажин” цомог багагүй хүлээлт үүсгэлээ шүү?

 

- Бид шинэ цомгоо дөрвөн жил нухлаа. “Гэгээн гуниг”, “Нандин хайр”, “Бид чоно”, “Монгол” зэрэг 18 дуутай “Нарлаг диваажин” хэмээх хос цомгоо энэ сарын 8-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргахад бэлэн болоод байна. Цомогт багтсан ихэнх дууны аяыг би зохиосон. Харин дууны шүлгэн дээр ихэд анхаарсан. Маш олон шүлэг орж ирсэн. Зарим нэг нь таалагдахгүй буцаасан. Шинэ цомгийн дууны шүлгийг залуу яруу найрагч Ганхүлэг, Урьхан, Шүрэнцэцэг, бүр “Сонгдо” эмнэлгийн их эмч Б.Болдсайхан гэдэг эмчийн шүлгээс ч бүтсэн дуу байгаа. Энэ мэтчилэн олон хүний шүлэг цомогт орсон.

 

-Шинэ цомогт орсон “Гэгээн гуниг” их сайхан дуу шиг санагдлаа.

 

-Тийм ээ, энэ үнэхээр гоё дуу. Талийгаач болчихсон манай хөгжмийн зохиолч Ишхүү маань хамгийн сүүлд энэ дууны хөгжмийг, шүлгийг нь бичээд миний компьютер дээр үлдээсэн байдаг юм. Түүнийг нь хадгалсаар шинэ цомогтоо багтаалаа. Энэ дуу бол бүр нэг их сонин дуу. Үгийг нь сонсоод л байхад их гоё шүү.

 

Тариа халиурсан намрыг өвлөөр орлуулах шиг

 

Төөтгөр гэзгийг чинь би сүлжих гээд ч яахав дээ

 

Талдаа жиргэх шувууг би зүсэлж чадахгүй шиг

 

Танхилхан чинийхээ цэнгэхийг хориод ч яахав дээ....гээд л үнэхээр гоё хэлж байгаа юм. Дуу гэдэг л энэ байх. “Эндүүрэл” бас манай Ишхүүгийн бүтээл. Энэ хоёр уран бүтээлд тэр үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан болов уу гэж би боддог юм. Тиймдээ ч хүний сэтгэлд тэгтлээ дотно хүрч чаддаг байх. Үнэхээр цоорсон авьяастай хүн байсан. Харамсалтай нь бурхны оронд даанч эрт мордчихлоо. Одоо болтол би их санадаг юм.

 

-Танай хамтлагийн дуу сэтгэлд ойр тусдаг нь үгтэй нь холбоотой гэж боддог.

 

-Тэгэлгүй яахав. Дуу гэдэг зөвхөн аялгуу, хөгжим дуулалт гурав дээр тогтохгүй. Яах гэж Болор цом болдог билээ, яагаад яруу найрагчдаа бид хайрлаж хүндэлдэг билээ дээ. Би өөрөө ая зохиодог хүн боловч яруу найраг талдаа маш их сонирхолтой хүн. Бүр дэндүү сонирхоно. Одоо надад бараг хоёр шуудай шүлэг байгаа. Би үргэлж л шүлэг сонирхдог, номын дэлгүүрээр орж явдаг. Яруу найргийн шинэ ном гарах болгонд надад ирдэг юм. Хамгийн сүүлд Галсансүх надад шинэ номоо өгсөн. Тэр бүгдээс би дуу амьдрах ухаан нь яруу найраг гэж ойлгодог юм.

 

-Монгол ахуйтай уран бүтээл “Хурд”-ын урын санд олон доо.

 

-Монголчууд хэн нэгнийг дуурайгаагүй, дуурайхыг хүсдэггүй ард түмэн. Тэгсэн хэр нь юманд их ур чадвартай, амьдрах хэв хэвшил нь нүүдлийн чанартай юм шиг мөртлөө юмыг их хурдан ойлгож чаддаг. Ижий аавыгаа маш их хүндэлдэг. Олноороо амьдрах дуртай. Тийм их амттай амьдрах дуртай ард түмэн шүү дээ монголчууд. Тэгэхээр энэ их өв соёлыг бид дуундаа багтаахгүй зүгээр нэг чамд хайртай, хайргүй гэж дуулах юм бол энэ бүтээл биш. Юмыг хүчиндэж, хүчээр хийх маш аюултай. Ялангуяа урлагийн бүтээлийг. Юм аяндаа л цаанаасаа бүтдэг. Тэрийг бодох хэрэгтэй, бясалгах шаардлагатай. Түүний үндсэн дээр л хүүхэд цаанаасаа л төрдөг шиг дуу яг тэгж төрдөг юм. Шинэ цомог маань дөрвөн жилийн хугацаанд л бүтэх учиртай байсан байх. Тэгээд л тэр хугацаандаа бүтсэн болов уу гэж би бодож байна.

 

-Өвөрмонголд очиж тоглолт хийдэг. Яаж хүлээж авдаг вэ?

 

-Үнэхээр  чин сэтгэлийн хүлээлт тэнд байдаг. Яагаад гэхээр Ар Монголын хамтлаг очиж байгаа болохоор үнэхээр баярладаг. Хятадын том том хамтлагийг тэд үздэггүй юм билээ. Тэнд очиход монгол ахуйгаа, Чингис хааныгаа, хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа байдал, Монгол бичгээ хүндэлж байгаа, бүр бие биенээ хүндэлж байгаа зэрэг нь үнэхээр үнэлмээр. Тэднээс сурах юм байна шүү гэж би хардаг юм.

 

-Цаашдын уран бүтээлийн сонин хачин дуулгавал?

 

-Би зуны АСЕМ-ын уулзалтад зориулсан “Дэлхийн Монгол” дуун дээр ажиллаж байгаа. Бидний дэлхий агаар, ус бүгд нэг юм. Энэ уул ус, агаар тэнгэр, огторгуйтайгаа байхад бид хаана ч явсан алзахгүй гэсэн санаатай дууг дотроо бодчихоод л явж байна. Мөн бид дөрөвдүгээр сараас хөдөө орон нутгаар тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.

 

-АСЕМ-ын уулзалтыг сайн муу хоёр талтай л ярьж байна. Таны хувьд?

 

-Зөв. Би бол хувьдаа маш их бэлэгшээж байгаа. Дэлхийн анхаарал Монголд төвлөрч байна шүү дээ. Гадны дипломат харилцаа бүх зүйлээ бид нягт, няхуур зохион байгуулж байж улс орон хөгжинө. Хямарлаа хямарлаа гээд бид хоорондоо хэрэлдсээр байгаад Монгол улс дуусах уу. Үгүй. Олгой хагаравч тогоон дотороо байх хэрэгтэй. Тамын тогооныхоо үлгэрийг болих нь зөв. Бие биенээ хайрлаж, хүндэлж, үгүйсгэж биш хийж байгаа зүйлийг нь дэмжиж, чадах чадахаараа хэн хэнийгээ л гэх хэрэгтэй. Үүнд л амьдрал ахуй бүх зүйл багтаад л явдаг юм шүү дээ. Тэрнээс биш хийж байгаа нэгэндээ хор хийгээд, муу санаад сайныг олохгүй.

 

 

-Хийж бүтээсэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж чадахаа л болчихоод байх шиг байна.

 

-Тэр үнэн. Хуучин цагийн монгол киног үзэхээр нэг сайхан Монгол хүний уужуу, сайхан сэтгэл харагддаг даа. Тийм л сэтгэл Монголд одоо хэрэгтэй байна. Би ч хар залуудаа хортой шартай байж. Бусдыг үгүйсгээд л би илүү сайн гитарчин гэж адгаж явсан үе бий. Одоо бол ямар тэнэг юм бодож явснаа ойлгож байна. Хэн ч бай зөв бодол, сайхан сэтгэлийг л Монголдоо маш сайн дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид АСЕМ-тай АСЕМ-гүй, спорт, урлагтай үгүй хөгжинө. Хамгийн гол нь хүнд сэтгэл л байх хэрэгтэй.

 

-22 жилийн өмнөх “Хурд”-ыг өнөөдөр эргэн нэг санавал?

 

-Манай хамттлаг энэ олон жилд зовлон зүдгүүр маш олон зүйлийг дайрч гарсан. Ямар өндөрлөг рүү яваад байгаагаа ч мэдэхгүй, хэзээ давахыг нь ч мэдэхгүй яваад л байсан. Анхны концертынхоо билетыг өөрсдөө зах дээгүүр явж 700 төгрөгөөр зарж байлаа. Одоо тэр үеийг бодвол манай монголчууд урлагийг маш сайхан хүндэлдэг, хүлээж авдаг болсон байна. Хэдий өнөөдөр хямралтай байна гээд байгаа ч бид сэтгэлээрээ хямарч болохгүй. Дуутай ойрхон яваа хүн алзадгүй юм шүү дээ.

 

-Нэг хамтлаг гараад л ирнэ. Нэг их удахгүй тараад л явчих юм. Хамтлаг удаан оршин тогтноход юу хамгийн чухал вэ?

 

-Хамтлаг гэдэг хамтдаа байж гэмээн л шилдэг байх ёстой. Тийм учраас бие биенээ хүндэлж, хайрлаж, хамт л байх хэрэгтэй. Энэ маш хэцүү. Гэхдээ л тэсэх хэрэгтэй. Нэг гайгүй хамтлаг гарч ирээд “за эд нар л” гэтэл удалгүй тарчихдаг. Тэгээд нэг клубт тоглоод л өдөр хоногийнхоо хоолыг залгуулах байдлаар явчихдаг. Энэ нь урлаг биш баясан цэнгэх, энтертаймент талруугаа орчихож байгаа юм л даа. Ер нь урлагийн хүн өлсөх тусмаа их сайн бүтээл гаргана шүү. Би боддог юм. Болж өгвөл Ховд ч юм уу, Баянхонгор ч юмуу хол сумын төвд очоод мах, гурилаа ахиухан аваачаад нэг жаахан ядуу тарчигхан байдлаар уран бүтээл хийдэг ч юм уу гэж/инээв.сур/.

 

-Хамтлагийн уран бүтээлийн замнал дуусах болоогүй биз дээ?

 

-Одоо би дөнгөж 42  настай. Дахиад би 40 жил тоглоно. Би 82 настайдаа гитараа бариад зогсож л байна тайзан дээр/инээв.сур/. Ер нь урлаг гэдэг хуучирдаггүй юм. Тэр хэмжээгээрээ урлаг өөрөө агуу. Урлагаар хүн амьдарч байна. Тэгэхээр урлагийн хүмүүс ард түмнийг баясгаж, соён гэгээрүүлж, ухааруулж, амьдруулж байх хэрэгтэй. Нэг ёсондоо урлагийн бид чинь ард түмэнд үйлчлэх ёстой үйлчилгээний байгууллага шүү дээ.

 

Ярилцсанд баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ertonts:
Yamar nowshiin garuud we muulaad bgaa hvmvvs ataarhaad shees aldaj bnaa. oorsdoo humhiin toos, shoroon shirhegt ch hvrkv baij. Zailaa
2016-03-11
Enkhbat:
Deer ued cass townd estoi but avdag baisan shuu goe bi bid khurdad khairtai
2016-03-08
Зочин:
Тэнэгт зайл. Хурд хамгийн шилдэг нь.
2016-03-07
Zochin:
Ih huleesen bna ih sanasan bna geh shig hudalaa aashaad uursduu mungui bolood hurdan martiin 8-hurdàn boloosoi geed bodoj bisan baihdaa
2016-03-07
Зочин:
Тэнэгт зайл. Хурд хамгийн шилдэг нь.
Зочин:
Юмтай нөхдүүд байх юм аа. Доор сэтгэгдэл бичсэн тэнэгт зориулав
2016-03-07
зочин:
тэгээч дээ хэн боль гээд байгаа юм бэ.их сайн тоглодог гэвэл худлаа.дотроо өвчигнөх ч гайгүй Дэлхийд өчүүхэн юмаа бид .өөрсөдөө бол их том яриад байдаг.өвөр монголоос өөр газар хэн ч мэдэхгүй юмаа ккк
2016-03-07