Б.Сүхээ: 2200 жилийн өмнөх түүхийг найрууллаа
2016-03-07

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрөөр “Гүн гэрийн гүнж” шинэ дуурийг найруулан  тавьж олон нийтийн хүртээл болгоод байна. Дуурийн ерөнхий найруулагч, урлаг судлалын ухааны доктор Б.Сүхээтэй цөөн хором ярилцлаа.

 

-Шинэ дуурийн агуулга, утга санааг тодотгохгүй юу?

-Энэхүү гурван бүлэг таван үзэгдэлт дуурь нь Хүннүгийн үеийн бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл юм. Бид доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүнгэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэсэн. Манай тооллоос өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед буюу 2200 жилийн өмнө Хан улсад амьдарч байсан Цай вэн жи хэмээх хатны  бодит түүхийг найрууллаа.

 

-Ца вэн жиг Монголын гүнж гэж ойлгох уу?

 -Ца вэн жи гүнж бол Хан улсын иргэн, Монголд амьдарсан Хятад гүнж юм. Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандийн ивээл дор гарсан Монголын түүхийн таван боть ном байдаг. Уг номын нэгдүгээр бодит эл түүх бүтэн эхээр байгаа. Тухайн үед оршин тогтнож байсан Хан, Хүн гүрний хоорондох дайсагналцал намдахад Хан гүрний үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи-ийн ухаалаг амьдрал ихэд нөлөөлсөн тухай түүхийг өгүүлнэ. Хүннүгийн үеийн хаад, ноёд Хятад улс руу дайрч ороод гүнжийг нь олзоод авчирсан байгаа юм. Улмаар Ца вэн жи гүнж Хүннү гүрэнд 10 гаруй жил амьдарч 2 хүүхэд төрүүлсэн байдаг. Тухайн үеийн Хан улсын зүгээс маш их хүчин чармайлт гаргаж байж гүнжээ буцаан авсан байгаа юм. Тиймээс ч БНХАУ-д Ца вэн жи гүнжийг хүндэтгэх фестиваль жил бүр зохиогддог.

 

 

-Яагаад Хятад гүнжийн түүхийг тоглох болов?

-Бид маш эртнээс ОХУ, БНХАУ-тай хэдэн зуун жилийн турш хөрш харьцаж ирсэн. Хөрш орны цаашдын харилцаа, соёл урлагийн арга хэмжээг ч хамтран зохион байгуулахад тус нэмэртэй тул энэ түүхийг найруулан олон нийтийн хүртээл болголоо. Ца вэн жи гүнж Хүннүгийн үед амьдарч байсан учраас Монголд тоглож болохгүй гэж зүйл байхгүй болов уу.

 

-Д.Төрбат гуай цомнолыг нь бичжээ. Эх зохиол нь Хятадынх уу?

-Эх зохиол нь Хятадын түүхэн зохиол. СГЗ Д.Төрбат гуай тайзны бүтээлд их гаршсан хүн шүү дээ. Цаад санаа нь их нандин, том агуулгатай бүтээл юм. Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулж өгнө гэж дуурийн хэсэгт Жи жи шанью дуулж байгаагаас үзэхэд Хятадууд улс эх орныхоо төлөө асар их хүчин чармайлттай байсан нь харагдаж байна. Гэтэл өдий цагт таны, миний төлөө сэтгэлээ цуулж байгаа төрийн түшээд хэд байгаа билээ зэрэг олон санааг эл дуурьт давхар хэлсэн байгаа юм.

 

-Ерөнхий найруулагчийн хувьд ямар санаа шигтгэхийг зорьж ажиллав?

-Өнөө цагт үерхэж яваа хоёр найз хүртэл бие биендээ санаанд оромгүй муу, муухай үйлдэл хийдэг болчихож. Монгол хүний жудаг, сайхан сэтгэл алга болсон нийгэм хүүршчихсэн цаг үед бид амьдарч байна. Тэгэхээр энэ жүжгийн үндсэн том филиософи гүн ухаан талаас нь бодож хийсэн зүйл бол хүн дайснаа хэдий хайрлаж чадах аваас ертөнц, улс орон, айл гэрт тайван тогтуун амьдрал бий болдог юм гэдгийг харуулахыг хүсэж байна. Аль аль талыг нь л бодож хийсэн.

 

-Дуурийн нэрийг салгаж, нийлүүлж хоёр янзаар бичих юм. Энэ ямар учиртай вэ?

-Ца вэн жи хатны аав нь хэл бичгийн эрдэмтэн хүн учраас гүн хэмээх хэргэмтэй байжээ. Ийм сурвалжит угсаатай учраас охиныг нь хүндэтгэж Гүн гэрийн гүнж хэмээн нэрийдэх болсон байгаа юм. Тэгэхээр Гүн гэрийн гүнж гэдэг бол түүхэн нэр учраас салгаж бичих нь зөв.

 

-Гол дүрийн жүжигчид залуу уран бүтээлч байна. Дүр сонголтын хувьд?

-Би дуурийн театрт анх удаа найруулагчаар ажиллаж байна. Хөгжмийн бүтээлийн найруулагч ч бас биш. Тийм болохоор дүр сонголтод МУУГЗ, удирдаач Бүрэнбэх мастер уран сайхны зөвлөлтэй ярилцаж байгаад шийдсэн байгаа. Театрын оноож өгсөн тэр хүмүүстэй л би ажиллаж байна. Дуурийн гол дүр болох Ца Вэн жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав өвгөн гүн Цай юнд О.Хүрэлбаатар, Хан гүрны жанжин Цао Цаод Д.Эрдэнэочир, Жи Жи Шаньюд Э.Бумхүү нар тоглосон.

 

-Дуурийг дахин тоглох уу?

-Дуурийн хөгжмийн зохиолыг бичсэн Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний “Хөгжмийн өдрүүд”-ийг ирэх сарын 2-9-ний өдөр зохион байгуулах юм. Дөрөвдүгээр сарын 7-нд хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдрөөр тус дуурийг дахин тоглоно.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tserendulam gedeg emegtei Natsagdorjiin okhin mun esekhiig togtooj chadakhgvi baij tertee 2200 jiliin umnukh vyiin neg emegteig yasan sain medej baikh yum. Bolij vz
2016-03-07
Зочин:
аажимаар. хятдад .хайртай , болгох . дасгал. уу .
2016-03-07