Ижий бүхэн баярлах учиртай
2016-03-08

 

Сайхан муухай хоёрын дунд хичнээн их орон зай байдаг билээ. Сайн муу хоёрын дунд ч зовлон жаргал үй түмээрээ л байна. Бид өмнө нь тархины саажилттай Ц.Мөнхтулга хэмээх залуутай ярилцсанаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаад тус өвчинд ороогдоод буй ой дөрвөн сартай О.Сувд хэмээх охиныг онцлон нийтэлж байна. Эл өвчтэй хүүхдүүдэд өдөр бүр хийх ёстой эмчилгээг улсдаа ганцхан Эх нялхсын эрүүл мэндийн төвд сард таван цагийн хугацаанд л хийдгээс өгсүүлээд ийм өвчтэй хүүхэд орхигдсон сэдэв болоод удаж буйг сөхөх цаг нэгэнт иржээ.

 

Хэн ч хүсээгүй байтал хийсч ирсэн зовлон

 

М.Наранмандах, А.Одхүүтэйгээ ханилаад дөрвөн сайхан үрийн эцэг, эх болжээ. Халуун дулаан уур амьсгал, аз жаргал, гэр бүлийн хайр халамж гээд энэ гэр бүлд дутуу зүйл саяхныг хүртэл байсангүй. Одоогоос хагас жилийн өмнө ханиад хүрсэн, зургаан сартай Сувд охиноо эмчид үзүүлжээ. Тэгж л анх охиныхоо тархины саажилттай гэдгийг мэдэж, тэдний гэр бүлийн аз жаргал хэлтийжээ.

 

Манай улсад 1000 төрөлт тутамд 2 хүүхэд тархины саажилт өвчтэй төрдөг гэсэн судалгаа байдаг. Тархины саатай хүүхдийн үг хэл бүдэг бадаг, тулгуур эрхтний хөдөлгөөн муутай ч оюун ухаан нь эрүүл саруул, хэнээс ч илүү хөгжих боломжтой. Гэсэн ч хэн үүнийг хүсэх билээ дээ.

 

О.Сувд охин одоо ой 4 сартай. Юуг ч юм шулганаж, энд тэнд гүйж явдаг нас. Гэсэн ч охин толгойгоо ч сайн даахгүй, замбараагүй хөдөлгөөнтэй, хөл гар нь хаашаа л бол хаашаа савчина. Ийм хүүхдийн булчин шөрмөсийг нь хөдөлгөөн заслын эмчилгээгээр өдөр бүр амьд, идэвхтэй байлгах нь хамгийн чухал. Тиймээс байнгын асаргаа, хөдөлгөөн засал хэрэгтэй. Монголд тархины саажилттай хүүхдэд үйлчилдэг улсын байгууллага нь ганцхан Эх нялхсын эрүүл мэндийн төв. Хэт их ачааллаасаа болоод тэнд нэг хүүхдэд сард ердөө л 5 удаа хөдөлгөөн заслын эмчилгээнд орох дугаар өгдөг байна. Эмчилгээнийхээ дугаарыг урьдчилж, урт дараалалд зогсож байж олж авдаг гэнэ. Тархины саажилт олон янзын шалтгаанаас үүсдэг өвчин. Монголд үүсч байгаа түгээмэл шалтгаан нь нярайн шарлалт, дутуу төрөлт, төрөх явцын хүндрэл аж. Харамсалтай нь хүүхдийг өөрөө хөл дээрээ тулдаг болтол үүнийг эцэг эхчүүд ч анзаарч, илрүүлэх боломж тун ховор байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад нярайн шарлалтаас үүдсэн саажилт бараг л байхгүй болсон бол манай оронд эсрэгээрээ ихсэж байгаа нь харуусал юм.

 

Ээж охин хоёр Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэх гэж олон удаа оролдсон ч ор олдолгүй өнөөг хүрчээ. Хөдөлгөөн заслын эмчилгээнд бусад газраар үйлчлүүлэхэд нэг удаагийн төлбөр нь хамгийн хямддаа 10 мянга, хамгийн үнэтэй нь 30 мянган төгрөг аж. Гэтэл тархины саажилттай хүүхдэд ганц хөдөлгөөн засал биш тархи, мэдрэлийн үнэтэй олон эм, амин дэм шаардагддаг учраас төлбөртэй эмчилгээнд орох эдийн засгийн нөхцөл боломж энэ гэр бүлд байхгүй. Улсаас халамжинд авсан байдаг ч ээжид нь сард 58000, хүүхдэд нь ердөө л 126 мянга 500 төгрөг төсөвлөжээ. Гэтэл зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээнд 150000 төгрөг зарцуулагддаг гэхээр улсаас анхаарч, эмчилгээ, асаргаанд нь өгч буй дэмжлэг өчүүхэн байгааг эндээс харж болно. Иймээс ч Монголд хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхэд зөвхөн хөдөлгөөн заслын эмчилгээний дугаараа хүлээн, эсвэл эцэг эх нь гэртээ л хүүхдээ харж, бусдын нүднээс нуухаас өөр зүйлд бүх чадлаа барсан байдаг.

 

Охиндоо бүхнээ зориулна

 

Бага охиноо ийм өвчтэй гэдгийг мэдсэний дараа энэ гэр бүлийн амьдрал тэр чигтээ өөрчлөгджээ. Оюутан болсон том хүүгээ сургуулиас нь чөлөө авахуулж цэрэгт мордуулав. Сургалтын төлбөрт нь зарцуулах байсан мөнгөө охиныхоо эм, тарианд төсөвлөжээ. Гэр бүлийн бүх гишүүн шинэ хувцас, гутал, цүнхний тухай бодох сөхөөгүй.

 

М.Наранмандах СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд сэтгүүлзүйн багшаар ажилладаг. Нөхөр нь “Тайгер” компанийн борлуулалтын албаны жолооч. Хоёр том охин нь хичээлдээ явах, тарах цагаа зохицуулан дүүгээ харна. Төсвийн ажилтай, орон сууцны зээлтэй, 4 хүүхэдтэй энэ айлд тархины саажилт хэмээх хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин бүхнээ дайчлахыг хэл үггүй шаардаж байна. Учир нь тархины саажилт өвчтэй хүүхдийг 2 нас хүртэл нь эрт оношилж, эмчилж чадвал эрүүл хүнийг 100 хувь гэж үзвэл 90 хувь хүртэл эдгэрэх боломжтой гэдгийг олон сургалт, зөвлөгөөнд суусан М.Наранмандах гадаадын эмч мэргэжилтнүүдийн амнаас сонсчээ. Энэ чиглэлд Герман, Франц, Япон улс дэлхийд тэргүүлдэг юм байна. Тиймээс энэ гэр бүл бүх нөхцөл бололцоогоо ашиглан энэ зундаа багтаан охиноо 2 нас хүрэхээс өмнө Германд хөл тавихаар шийджээ.

 

Хүүхэд яагаад, юунаас болж саажилттай болсон, хэдэн хувь хүртэл эмчлэгдэх боломжтой, хэдий хэрийн хугацаа шаардлагатай, цаашид хэрхэх зэргийг Монголд хэлж өгч чадах эмч, тийм эмнэлэг алга.

 

О.Сувд охин эх орондоо хэрэгтэй хүн болно

 

 

Хэлж ирдэггүй энэ өвчинтэй тэмцэж ядан буй бяцхан үрээ халамж, хайр, нугарашгүй сэтгэлийнхээ хүчээр өргөж яваа аавууд олон. Ийм аавуудын нэг нь М.Наранмандахын хань А.Одхүү. Өглөө ажилдаа гарах хүртлээ, орой ажлаасаа ирээд охиноо унтах хүртэл нь охиндоо хөдөлгөөний дасгал хийнэ, хайрлан халамжилна. Ээж, охин хоёрын ассан итгэл, найдвар, хүрэх тэр гэгээн ирээдүйнх нь бат түшигтэй ар тал нь халамжит хань, хайртай аав нь. “Хань минь бидэнд байгаагүй бол би өдий зэрэгтэй тэмцэх хүчтэй байж чадахгүй байлаа. Миний хань охиноо хөл дээрээ зогсоно гэж өдөр бүр надад хэлдэг. Энэ итгэлийн хүч л намайг урагш алхуулдаг. Би өмнө нь охиноо хөл дээрээ л муу сайн хамаагүй тогтдог болоосой гэж хүсдэг байсан. Харин одооноос миний охин зөвхөн хөл дээрээ босоод зогсохгүй эх орондоо хэрэгтэй, өөртөө тусалж чадах хүн болох ёстой, тэгж ч чадна гэж итгэдэг болсон” гэж М.Наранмандах хэлж байлаа.

 

Тэрбээр одоо хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх, түүнд тохирсон ажлын байр бэлтгэх ёстой гэсэн том зорилго өмнөө тавьжээ. Бас охиноо нээлттэй, өөрөө өөрийгөө нийгэмдээ илэрхийлж чаддаг хүн болгох нь хамгийн чухал гэдгийг ч онцолж байна. “Миний охин бол бурхны бэлэг. Тиймээс охиноо багаас нь нийгэмшүүлж, өөрийг нь багаас нь өвчинтэйгээ тэмцэх чадварт суралцуулах ёстой. Тэр минь бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй хүн шүү дээ” гэж хэлсэн юм.

 

Шүрээр дугаар хэлхэж, охиноо гадаадад эмчлүүлнэ

 

 

“Би ганцаараа зовж яваа хүн биш дээ. Бүгд л адилхан зовж байхад би ганцаараа ялархаад, уйлж унжаад сууж болохгүй шүү дээ. Харин гарах гарц юу байна гэдгийг л олох чухал байлаа” гэж О.Сувдын ээж ярьж байна. Хүнээс зүгээр мөнгө гуйгаад суухыг тэр хүссэнгүй. Хүнд хэрэгтэй бүтээлч аргаар бяцхан үрээ хөл дээр нь босгох ёстой гэж шийдсэн нь энэ. Түүнд энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь ихэр М.Нарантунгалаг нь маш их тусалж, шүрээр дугаар хийхийг зааж өгчээ.

 

Энэ зуны 3 сардаа багтаан Герман улсад очиход ээж, охин хоёрт наанадаж 25 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс юу хийж цалингаас гадуур орлого олж болох талаар удтал судласны дүнд шүрээр автомашин эзэмшигчийн утасны дугаар хэлхэж зарах аргаар хуримтлал үүсгэхээр болжээ.

 

Шүрийг нэг нэгээр нь хэлхэж 8 оронтой утасны дугаар хийнэ гэдэг амаргүй ажил. Тиймээс ч эхэндээ 4 цаг сууж байж 1 дугаар бэлэн болгодог байж. Харин одоо 2 цагийн дотор 1 дугаар гаргадаг болжээ. Хүмүүсээс ирсэн захиалгыг гүйцээхийн тулд 22.00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл суух тохиолдол бол энгийн үзэгдэл аж.

 

Өнгөрсөн нэг сарын хугацаанд тэрбээр ажлынхаа хажуугаар тасралтгүй дугаар сүлжиж 2.5 сая төгрөг олсондоо урамшин, итгэл найдвар нь ч улам батжин ассан байна. “Энэ чинь манай гэр бүлээс гарч байгаа сэтгэлийн дээж шүү дээ. Бас энэ ажлыг амжуулахад минь тусалж байгаа гэр бүлийнхэн, ах дүү, амраг садан, гурван найз, тэдний маань хүүхдүүд, хамт олон, найз нөхөд, оюутан шавь нартаа талархаад барахгүй нь” гэж баярласан ээж талархсан сэтгэлээ дайлаа.

 

Тэрбээр нэг сүлжсэн дугаараа 10 мянган төгрөгөөр худалддаг бөгөөд гэр бүлээрээ, шавь нараа дайчлан хүргэж өгдөг юм байна. Сүлжсэн дугаар нь өнгө өнгөөрөө ялгаран, нямбай, цэмцгэр хачин гоё юм. Хүмүүс энэ бүтээлийг захиалаад бэлгэнд өгөх, автомашиндаа байршуулах, мартын 8, цагаан сар, цэргийн баяр гээд олон баяр ёслолоор бэлэг болгон бусдадаа өгөх сонирхолтой байдаг аж.

 

Мөн найз нөхөд, хуучин хамт олон, үе үеийн шавь, Англид сурч буй монголчууд, нөхрийнх нь арван жилийн ангийн нөхөд нь сэтгэлийн хандив өргөсөн төдийгүй зарим хүн дугаар захиалчихаад нэмж эмчилгээнд нь нэмэрлээрэй гэж хандив өргөсөн гэдгийг тэрбээр ярьсан. Өөрсдийн маань үр хүүхдээс ялгаагүй энэ бяцхан охины эмчилгээний зардалд сэтгэл гарган хандив өргөсөн, бас дугаар захиалсан хүн бүрт ээж охин хоёрын өмнөөс түмэнтэй талархал илэрхийлье.

 

Эрхэм уншигч авхай та энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө ч хэрэгтэй энэхүү дугаарыг захиалахад л хангалттай. Бидний өнөөдөр захиалсан ганц дугаар маргааш О.Сувд охиныг хөл дээрээ босоход нь хэмжээлшгүй их хувь нэмэр болно. Магадгүй өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй байгаа О.Сувд охин маань таны өгсөн сэтгэлийн хүчээр маргааш өөрөө хоолоо идэж чаддаг, өөрөө хичээлдээ явдаг болчихвол хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэлийн сайхны утга учир биелэх билээ.

 

Тонус  ургийг хэвлийд нь бүтэлтэд оруулах эрсдэлтэй

 

Үүнийг М.Наранмандах аминчлан захиж байна. “Тархины саажилт гэдэг зайлшгүй тохиолдох ёстой өвчин биш. Бид үүнээс үр хүүхдээ сэргийлж чадна. Ингэхийн тулд жирэмсэн эхчүүд хүүхдээ тээж байхдаа эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэхэд бүх анхаарлаа хандуулаасай. Миний хувьд 35-аас дээш насны эрсдэлтэй жирэмслэлтийн тоонд багтаж байсан ч тээлт маань эрүүл байсан. Тонус ихтэй байсан ч ажлаа нэгдүгээрт тавьж, тонус бууруулах эмчилгээ хийлгэсээр төрсөн. Тонус бол ургийг хэвлийд нь бүтэлтэд оруулах эрсдэлтэй гэдгийг би сүүлд судалж мэдсэн. Миний эргэн тойронд байгаа бүхий л насны жирэмсэн ээжүүдийн хамгийн нэгдүгээрт хэлдэг зүйл бол тонус байсан. Бараг л жирэмсэн хүн бүрт байх л ёстой, байдаг зүйл шиг л хүлээж авч байлаа. Тиймээс ээжүүд маань маш сайн анхаарч байгаарай.Мөн төрөх үед хүчлэх, савны ам нээх тариа хийлгэж төрсөн ээжүүдийн хүүхдүүд нярайн шард өртөх эрсдэл өндөр байдаг юм байна. Жирэмслэлтээсээ эхлээд төрөн төртлөө хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч чадвал бүх зүйл сайхан болно, нярайн шарыг цаг алдалгүй эмчлэх нь хамгийн чухал” гэж тэр аминчлан захисныг энд бас дурдъя.

 

Тэрбээр охиноо ийнхүү өвдсөнд буруутан хайхыг хүсээгүй юм. Харин гарах арга зам, охиноо хөл дээр нь босгох, эх орондоо хэрэгтэй хүн болгоход хамаг сэтгэл зүрхээ зориулан явна. Эгэлгүй сэтгэлт ээж Д.Нармандах танд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өнөөдөр ижий бүхэн баярлах учиртай.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bayriin mend
2016-03-08
Зочин:
munhnar eej
2016-03-08
Зочин:
munhnaran eej
2016-03-08
Зочин:
munhnaran eej
2016-03-08
Зочин:
munhnar eej
2016-03-08
Зочин:
munhnar eej
2016-03-08
Зочин:
munhnar eej munhnar eej
2016-03-08