“Хүннү гүрэн”-д саатлаа
2016-03-09

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрөөр “Гүн гэрийн гүнж” шинэ дуурийг найруулан  тавьж олон нийтийн хүртээл болголоо. Эл дуурь нь театрын 58 дахь шинэ дуурь болж буй юм. Тус бүтээлийг 2200 жилийн өмнөх Хүннү гүрний бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тухайн үеийн Хүннү улс Хан улсын хооронд эвийн найрамдлыг тогтоож чадсан Ца Вэн Жи хэмээх хатан хүний түүхийг өгүүлэв.

 

Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бичиж, Төрийн шагналт СГЗ Д.Төрбат цомнолыг нь бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Сүхээ /Ph.D/, ерөнхий удирдаачаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ нар ажилласан юм. Тэрбээр  бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухааныг шигтгэн харуулахыг зорьсон талаар хэлж байна. Дуурийн гол дүр болох Ца Вэн жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав өвгөн гүн Цай юнд О.Хүрэлбаатар, Хан гүрны жанжин Цао Цаод Д.Эрдэнэочир, Жи Жи Шаньюйд Э.Бумхүү нар тоглов.

 

Дуурийн нээлтийн тоглолтод хөгжмийн зохиолч, төрийн шагналт УГЗ Б.Шарав саатаж харагдав.  Тэрбээр “Маш сайхан хөгжимтэй дуурь болжээ. Дууриас мэдэрч болох бүхнийг мэдэрч баяслаа. Манай Нацагаа амьд сэрүүндээ магтаал их бага сонссон хүн дээ. Өнөөдөр бол түүнийг магтах багадахаар байна” хэмээв. Мөн Итали маэстро Роберто энэ дуурийг “Монголын Дуурийн театрын тайзнаа байнга тоглогдож байх бүтээл болжээ”  гэв. Харин миний хувьд энэхүү гурван бүлэг таван үзэгдэлт дуурьт “Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулж өгнө” гэж дуурийн хэсэгт Жи жи шанью дуулж буй нь тухайн үеийн дайчдын эх орныхоо төлөөх сэтгэл асар их байсныг үзэгчийн хувиар ажиглаж суулаа.

 

Хөшиг нээгдмэгц үзэгчид өдгөөгөөс 2000 гаруй жилийн өмнөх орчинд автах мэт. Тайз, хувцас гээд бүхий л зүйлс нь эртний ордонг санагдуулахуйц байв.

 

Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр үзэгдэл /Өвгөн Гүн Цай Юнгийн гэр/:

 

Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байв. Тэрбээр Хүн гүрнийг хурааж ирсэн их баярын бэлгэ тэмдэг болгож Хүннү цуур хэмээх эгшиглэнт хуурыг Цай Юны охин Цай Ван Жи гүнжид өгч аялгуу үүсгэхийг хүснэ. Энэ хөгжим гайхалтай уран бөгөөд тэнгэрлэг аялгууг үүсгэн буйд гүн ноён Цай Юн ялж ирсэн жанжин Цао Цао нар ихэд баясаж өөр өөрийн хундага юуг тогтооно. Энэ үед Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадалгүй их цэргээсээ хоцорсон Цэнбахт, Хайчиндов хоёр Цай Юнгийн гэрийн гадаа энэ явдлыг ажиглан байна. Тэд согтуу жанжинг биш үзэсгэлэнт гүнжийг хулгайлан одов. Мөн Хан гүрэнд төмөр ихийг гайхан шагшрах тул нэгэн хүрэл дэнг мөн хулгайлан авч явна.

 

Хоёрдугаар үзэгдэл /Жи Жи Шаньюйгийн их хүрээ/:

 

Цэнбахт, Хайчиндов нар ирж, Жи Жи Шаньюйд дор мөргөн амь өршөөхийг гуйна. Жи Жи Шаньюй ихэд хилэгнэж хоёр урвагчийг цаазаар авахыг зарлиг болготол Хан гүрний Гүн гэрийн гүнж Цай Вэн Жи тэдний амийг аварна. Шаньюй хоёр дайчны амийг өршөөж Цай Вэн Жи гүнжийг шударга үнэнч хандсаных нь төлөө Хүн гүрний хатан болохыг хүсэв. Хариуд нь гүнж түүнээс Хан гүрэнтэй эвтэй байхыг, номын гэмгүй аавыг нь тайван байлгахыг гуйхад Шаньюй хүлээн зөвшөөрөв.

 

Хоёрдугаар бүлэг, гуравдугаар үзэгдэл /Цай Вэн Жи хатны өргөө/:

 

Цаг хугацаа нэлээд өнгөрчээ. Цай Вэн Жи хатны зурсан зургуудыг түүний шивэгчин Минжин үзээд хатныг эцэг эх, төрсөн нутгаа санан уйтгарлаж буйг мэдрэн өрөвдөнө. Энэ үед Хан гүрний туршуул Дун ши, Чун ши хоёр ирж нэгэн зургийг хулгайлан одно. Жи Жи Шаньюй болон анчин эрс ангаас ирж хатандаа авласан чонын арьсуудыг өргөн барихад хатан тэдэнд Хүннү цуур бэлэглэнэ. Цай Вэн Жи өөрийн эх нутаг хайрт эцгээ санан уйтгарлаж бийр янтай дэлгэн яруу шүлэг дуудна. Минжин орж ирж харь дайсан халдсаныг түүнд дуулгана. Хатан “Хан улс халдан дайрлаа гэж үү” хэмээн эргэлзэв.

 

Дөрөвдүгээр үзэгдэл /Өвгүн гүн Цай Юнгийн гэр/:

 

Охиноо санасан өвгөн найрагч ихэд гутран гуниглаж Цай Вэн Жиг дурсан дуулж байхад эртний анд цэргийн нэрт жанжин Цао Цао орж ирэх бөгөөд гүнжийг эрж түмэн цэрэг тал тал тийш мордуулсан тухай дуулгав. Гэвч өвгөн гүн үл уйтгарлана. Энэ үед Цао Цао жанжны илгээсэн элч нарын түрүүч Дун Ши, Чун ши нар ирж “Цай Вэн Жи” гүнж Хүн гүрний хатан болсон төдийгүй хоёр агь төрүүлсэн тухай хэлэв. Хатны эх нутаг, элгэн саднаа санагалзан зурсан зургийг ч үзүүлэхэд Цай Юн өвгөн Хүн гүрнээс охиноо хэрхэн авах арга эс олж муужран унав.

 

Гуравдугаар бүлэг, тавдугаар үзэгдэл /Хүннү хүрээ/:

 

Хүннү улс Давань гүрэнтэй дайтаж зэр зэвсэг дутмагаас хүнд байдалд оржээ. Жи Жи Шаньюй шархдан өргөөндөө ирэхэд Цэнбахт, Хайчиндов зэрэг дайчин эрс дайны талбараас ирж төмөр муутай зэвсгээр байлдах нь даанч арчаагүй байгааг хэлэн ган илд, балт төмөр нэхнэ. Цай Вэн Жи “Хатан миний гарын тэмдэг болог” хэмээн хүрэл цөгцийг өгч Хан улс руу төмөр олж ирүүлэхээр элч мордуулна. Үүний хариуд Хан гүрний итгэлт элч Дун ши, Чун ши нар ирж Цай Вэн Жи хатныг хоёр хүүтэй нь өвгөн эцэгт нь буцааж өгвөл авчирсан зэр зэвсгээ өгнө хэмээн болзол тавив. Энэ болзлыг сонссон Жи Жи Шаньюй сумны зэв, сэлэмний ир болох болд бүрт лан, лангаар алт, мөнгө амласан ч элч хэлсэн үгнээсээ буцсангүй. “Хүннү төрийн төлөө би өөрийгөө зориулахад бэлэн” хэмээн Цай Вэн Жи хатан зориглоход Жи Жи Шаньюй “Бага хүү чи төрөө сахиж нутагтаа үлд. Том хүү чи хатан ээжээ түшиж яв” хэмээн зарлигдаад Цай Вэн Жиг үдэж өгөв. Зэр зэвсэгтэй болсон Хүннүгийн дайчид дайснаа даран дийлж төрс улсаа хамгаалж чадсаныг Гүн Гэрийн гүнж, ухаант хатан Цай Вэн Жигийн гавьяа хэмээн магтан сүү өргөнө.

 

Ийнхүү Ца Вэн Жи хатан Хүн улс, Хан улс хооронд эв нэгдлийг тогтоож буйгаар дуурь төгсөв. Гэсэн ч өсөж төрсөн эх орон, элгэн түмнийхээ төлөө хайртай үрээсээ хагацах эх хүний сэтгэл хичнээн их шаналдаг болохыг эл дууриас тольдлоо.

 

Тус дуурийн хөгжмийн зохиолыг бичсэн Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний “Хөгжмийн өдрүүд”-ийг ирэх сарын 2-9-ний өдөр зохион байгуулах аж. Дөрөвдүгээр сарын 7-нд хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдрөөр тус дуурийг дахин тоглох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин